Хүний эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн асуудлаар Монгол Улсад эмийн хяналт шалгалтыг сайжруулах, эсхүл хяналт шалгалтын үйл ажиллагааг үр дүнтэй болгох талаарх саналыг УИХ-д танилцуулах үүрэг бүхий хянан шалгах түр хорооны анхны хуралдаан өнөөдөр хуралдлаа. Энэ удаагийн хурлаар Хянан шалгах түр хорооны үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөг батлав.
Хянан шалгах түр хороо ирэх арваннэгдүгээр сарын 18-ныг хүртэлх нийт 14 ажил хийхээр төлөвлөжээ. Тухайлбал, иргэдээс хуурамч болон стандарт бус эмийн талаар өргөдөл, гомдол, мэдээллийг цахимаар болон бичгээр хүлээн авах, хүний эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн асуудлыг шалгах хянан шалгагч, шинжээчийг томилох, эмийн чанар, стандартад хяналт тавих үүрэг бүхий төрийн байгууллагуудын чиг үүрэг, баримт бичигт дүн шинжилгээ хийх зэрэг ажлууд багтсан байна. Мөн эмийн чанар, хэрэглээ, стандартын асуудлаар цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөжээ.