Захчин түмэн соёлын биет болон биет бус өвөөр алдартай. Дэгрээ тамгатай Захчин түмэн аман аялгуу, ерөөл магтаал, икэл, бие биелгээ, ахуйн соёлын өв арвин билээ.
Түүх сөхвөл:
Захчин бол Ойрадын нэгэн аймаг юм. Судалгааны материалууд болон овог элкэний нэр зэргээс хархад захчины угсаа гарвал Алунгоо хатны төрүүлж өсгөсөн Бэгэнүгүдэйн үр хойчис буюу Бүгүнүд, Харчин, Мухлайнхан овог элкэнээс гаралтай хэсэг бөгөөд Өрлөг жанжин Зэлэм, Мухлайн харьяаны ардууд билээ. Их Монгол улсын үед болон түүнээс өмнө үед амьдарч асан газар нутаг нь XIII-XIV-р зууны үеийн Их Монгол улсын задарлын үед Баруун болон Халх Монголын хилийн бүс нутаг болж оршино суугаа газрын амьдралын нөхцлөөс хамаарч тоо толгой нь эрс цөөрсөн учраас 1670-аад оны үед Зүүнгарын Галдан бошгот хаан Ойрадын тайж нарын эзэмшил “анги” бүрээс цөөн албат өрхийг татан сэлгэж улсынхаа зүүн өмнөд Эрээн хавирга, Их жултас, Бага жултас, Булингар гол, Өрөнгө гол, Чингэл гол, Булган гол, Цагаан тохойн газар хил харгалзуулан суулгажээ. Тийнхүү Зүүнгарын хаант улсын хил хязгаарыг сахигч харуулын ардыг “захчин” гэж нэрлэснээр, захчин хэмээх угсаатны бүлэг түүхийн тавцанд гарч ирсэн байна.
Захчин хэмээх нэр нь утгын хувьд тэдний гүйцэтгэж байсан алба үүргийг нь илтгэдэг. Тэд нутгийн зах хязгаарт сууж байсан бөгөөд тэрхүү зах хязгаарыг тэмдэглэсэн “зах” гэдэг үгийн үндсэнд ажил мэргэжлийг заадаг “чин” дагавар залгаж захчин нэр үүссэн байна.
Захчингуудын уугуул нутаг нь өнөөгийн Монгол Улсын Ховд аймаг, тэр дундаа Алтай, Үенч, Мөст, Манхан, Зэрэг сумд. Түүхийн янз бүрийн донсолгооны улмаас зарим нь хил даван БНХАУ-ын Шинжаанд амьдарч байгаа бол Монгол Улсад багаар бодоход 40 шахам мянган захчин бүх аймаг орон нутагт таран амьдарч буй аж. Хүн амын тооллогод ихэнх хүмүүс яс үндсээ буруу мэдүүлдгийн балгаар бага ястнуудын нарийвчилсан тоог гаргахад хүндрэлтэй байдаг аж.
ТОНЖОО – Онцгой содон, өвөрмөц, шилдэг, өөр гэсэн утгатай үг
ЗАХЧИН – Зах хязгаарыг сахин суугч, хил хамгаалагч гэсэн утгатай мэргэжил заасан үг угсаатан ястны нэр болсон юм.
Тиймээс л ТОНЖОО наадамдаа сайн сайхан бүхнээ дээжлэн дэлгэн барьж, дэнж хотойтол нааддагийн учир энэхүү гүн билээ.