Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага өнгөрсөн долоо хоногт дэлхий нийтийг хамарсан сармагчны цэцэг өвчний вирусний дэгдэлтийг “олон улсын хэмжээнд анхаарал хандуулах нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал” гэж зарласан. Тус байгууллага дэлхий нийтийг энэ өвчнөөс сэрэмжтэй байхыг уриалж байна.
ДЭМБ-ын мэдээлснээр 75 улс орон, нутаг дэвсгэрээс сармагчны цэцэг өвчний 16 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, таван хүн нас барсан гэж мэдэгдлээ. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээллээс үзэхэд 7 дугаар сарын 20-ны байдлаар Испанид 3,125 тохиолдол бүртгэгдсэн байна.
Үүний араас АНУ 2890, Германд 2268, Их Британид 2208, Францад 1567 хүн энэ өвчний халдвар авчээ. ДЭМБ-аас уг өвчний дэгдэлт нь голчлон ижил хүйстэй эрэгтэйчүүд тэр дундаа, олон бэлгийн хавьтагчтай эрчүүдэд төвлөрч байгааг онцоллоо.
Халдвартай хүнтэй ойр дотно харьцах замаар хэн ч энэ вирусийг авч болно гэдгийг албаныхан нэмж хэлж байгаа бөгөөд энэ өвчнийг зөвхөн тодорхой бүлэгт хамааруулж болохгүй гэж үзэж байна.