Хуучнаар БНМАУ, ЗХУ-ын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийн зураг төсөл хийгдсэн нь өнөөдөр түүх болон үлджээ. Монголын тал үйлдвэрийн орд газрыг шийдэж, ЗХУ үйлдвэр болон орчин үеийн тосгон бүхий хороолол, түүнийг дулаан, цахилгаанаар хангах ДЦС-ын бүтээн байгуулалтыг иж бүрнээр нь шийдэж, түлхүүр хүлээлгэх нөхцөлтэйгөөр ажиллаж эхэлсэн байдаг. Энэ бол 1980-аад оны эхэн үе. Монгол Улсыг цементээр хангаж, уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт шохой нийлүүлэх үүрэг хүлээсэн энэ үйлдвэр 1983 онд ашиглалтад орсон бол үйлдвэрийг даган бий болсон ямар ч гэр хороололгүй байхаар төлөвлөгдсөн хотхоны бүтээн байгуулалт 1985 он гэхэд бүрэн дуусаж байжээ.
Улсын хэмжээний цементийн хэрэгцээг хангах үүрэгтэй ажиллаж эхэлсэн Цемент, шохойн үйлдвэр өнгөрсөн он жилүүдэд зөвхөн хувьцаат компани болон зохион байгуулагдах үеийн болон төрөөс хувийн хэвшилд шилжих, хувийн хэвшлээс төрийн мэдэлд эргэн шилжих гэх мэт хямралыг амссангүй. 1990 оноос хойш өөрчлөгдсөн нийгэм, эдийн засгийн салхи шуургыг даган бий болсон засаг захиргааны нэгжийн хуваарилалт, түүнийг даган өрнөсөн газар нутгийн өөрчлөлтийн нөлөөнд ч хэлмэгдчихсэн яваа юм байна.
Засаг захиргааны нэгжийн өөрчлөлт хийгдсэн 1996 онд Дархан хотын Хөтөл хороо хэмээн нэрлэгдэж ирсэн тосгоныг Сэлэнгэ аймгийн Сайхан болон Орхон сумын нутаг дэвсгэрийн хилийн зааг дээр байдаг болохоор нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум болгоно хэмээн товложээ. Шинэ хуваарь ёсоор Сайхан сумын ЗДТГ зэрэг байгууллагууд нүүдэллэн ирж төвхнөсөн боловч Хөтөлийн Цемент, шохойн үйлдвэрийг газар нутгийн хувьд ерөнхийд нь хяналтгүй шахам болгоод хаяжээ.
Үүнээс хойш үйлдвэрийн байгууламж болон уурхайн ордын нэг хагас нь Сайхан сумын нутаг дэвсгэрт, нөгөө хэсэг нь Орхон сумын нутагт орж, үйлдвэрийнхэн үндсэндээ 30-аад жил асуудлаа шийдүүлэхийн тулд тэлээ хурга шиг Сайхан болон Орхон сумын дунд гүйлддэг болсон юм байна.
Ийм хоёрдмол байдал олон жил үргэлжилсэн тул үйлдвэрийн үе үеийн удирдлагууд үүндээ ч дассан байх. Хамгийн том гамшиг нь цемент, шохойн үйлдвэрийн насыг богиносгох аюултай нүүр тулахад хүргэжээ.
Үйлдвэрийн одоо байгаа нөөцийг мэргэжлийн хамт олон нь 10 жил хэмээн тооцож байна. Уурхайн ордоо цааш тэлж, нөөцөө шинэчлэн тогтооё гэтэл Орхон сумын удирдлагууд Хөтөлийн орд газартай зэрэгцүүлээд хоёр ч компанид лиценз олгочихсон байх юм.
“Цемент шохой” ТӨХК “Хөтөл-1” болон “Хөтөл-2” гэсэн үндсэн хоёр ордтой. Гэтэл Орхон сумын удирдлагууд “Хөтөл-2” ордын урд талаар “Голд хантар”, “Сово” зэрэг ХХК-д лиценз олгосон аж. Ордын нөөцийг булаацалдан лиценз авсан жишээ ганц энэ биш. 1997 онд “Эрэл” ХХК орд газрын нөөцөд эзэн сууж хоёр тал гурван шатны шүүхээр асуудлыг шийдвэрлүүлж байжээ. Орд газрыг зөвхөн Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрт зориулсан. Үйлдвэрийг нь дагаад бүхэл бүтэн тосгон бий болж, амьдрал үргэлжилсээр байгаа. Энэ бүгдийг хоёр улсын Засгийн газрын 1980-аад оны тогтоол, шийдвэрүүд нотолж байгаа учраас цементийн бүлэг ордод “Эрэл” эзэн суух ёсгүй хэмээн шүүх шийдсэнээр энэ маргаан өндөрлөж байжээ.
Хэзээ ч “Цемент, шохой” шиг үйлдвэр байгуулахгүй. Хэзээ ч тосгон бий болгохгүй компаниуд лицензийн наймаа хийх төлөвлөгөөтэй яваа байх. Хөтөлийн үйлдвэр нэг л өдөр ордын нөөцөө тэлэх ажиллагаа эхэлбэл лицензээ зарна гэж тооцдог байхыг үгүйсгэх аргагүй. Үйлдвэрийн хувь заяаг эмзэг байдал руу оруулж мэдэх газар нутгийн хилийн зааг, лицензийн асуудлыг УИХ, Засгийн газар шийдэхгүй бол төр өөрийн гэсэн өмчөө тордоход бас түвэг учирч мэдэхээр болжээ.
Ирэх онд 40 жилийн түүхээ бичих цемент, шохойн үйлдвэр үндсэндээ геологи, уул уурхайн, цементийн, шохойн, чулуулгийн гэсэн дөрвөн үндсэн үйлдвэрлэлээс бүтдэг юм байна. 1989 онд ашиглалтад орох үеийн техникүүд өнөөдөр элэгдэн хорогдсон хэдий ч хаана юу байгаагаа мэддэг, гэмтлээ дор нь тодорхойлоод, засварлаж чаддаг чадварлаг хамт олны хүчин дээр энэ үйлдвэр өдий зэрэгтэй ажиллаж байгаа аж.
2015 онд үйлдвэрийг ХХБ-ны эзэн “сахал” хочит Д.Эрдэнэбилэгийн хүмүүс “Бэйзмент” ХХК гэсэн малгайн дор хувьчлан авсан дуулиан өнөөдөр ч намжаагүй байгаа. Тэд үйлдвэрийн удирдлагыг аваад 500 тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн гэдэг. Гэвч “Бэйзмент” компанийнхны яриад байгаа бүтээн байгуулалт болох Чулуунцарын үйлдвэрийг үнэн хэрэгтээ 2011 онд “Цемент, шохойн үйлдвэрийн тухайн үеийн захирал А.Шоовдор эхлүүлж, 2015 онд хувийн хэвшлийнхэн хүлээж авахад ашиглаж эхлэхэд бэлэн болгосон байжээ.
“Миний хөрөнгө оруулалт” хэмээн булаацалдаад байгаа Чулуунцарын үйлдвэрийн шав тавих ёслол болон гүйцэтгэлийн явцын онцлох мөчүүдийг үлдээсэн гэрэл зургууд одоо ч тус үйлдвэрийн ханан дээр ярайтал өлгөөтэй байдаг юм байна. Цемент, шохойн тоос шороотой зууралдаж, ажил тараад гэр, өглөө үүрээр уурхай руу явдаг маршруттай уурхайчдын бүтээн байгуулалтыг ийн үгүйсгэхийг шударга өрсөлдөөн гэж хэлэхгүй бизээ.
Ингээд “Цемент, шохой” ТӨХК-ийн тулах цэг болж, ачааллыг нуруундаа үүрч явдаг компанийн гол мотор, үйлдвэрийн удирдагуудтай уулзаж, үйлдвэрийн хувь заяаны талаар ярилцсанаа хүргэе.
Бид ТЭЗҮ-ээ шинэчилж байна
Геологи, уул уурхайн хэлтсийн дарга Б.УУГАНБАЯР: Манай үйлдвэрт геологи, уул уурхайн хэлтэс гэж байгаагүй. Үйлдвэр төрийн өмчид шилжиж ирсний дараа энэ бүтэц бий болсон. Өмнө нь инженер техникийн ажилчдад маань ашиглаж хэрэглэдэг багаж төхөөрөмж, программ хангамж гэсэн зүйл байсангүй. Бид хоёр хэмжээст зургийн программ ашиглаж ирсэн. Шинэ удирдлагууд уурхайд хийх хөрөнгө оруулалтын хүрээнд программ хангамж, тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэхээр дэмжин ажиллаж байна. Үүнээс гадна инженер техникийн ажилчдын ажиллах нөхцөл байдлыг сайжруулж, шаардлагатай сургалтуудыг явуулаад эхэлсэн.
Үйлдвэрийн тухайд техникийн шинэчлэлт хийх шаардлага зайлшгүй бий. Бид нөөцөө бүрэн ашиглаж, ашиглалтын хугацааг уртасгах, хаягдал бага гаргах судалгааны ажлаа хийгээд явж байна. Өнгөрсөн хугацаанд ордыг дандаа сорчлох, шохойн чулууг хөрс хуулалт багатайгаар, зөвхөн ашигтай бүтээгдэхүүн олборлох зарчмаар ажиллаж ирснээс болоод хөрс хуулалт нэлээн хоцрогдсон. Багагүй хэмжээний хөрс хуулалт хийж өндөр, нам, дунд агуулгатай нөөцөө дунджлан авч, хаягдалгүй бохирдол багатай ашиглахыг зорьсон судалгааны ажил эхэлсэн.
Үйлдвэр төрийн өмчид шилжсэн учраас техникийн шинэчлэлт хийх тооцоогоо гаргаад Худалдан авах ажиллагааны газраар дамжуулаад тендер зарласан. Үйлдвэрийн хэмжээнд 2014 оноос хойш ТЭЗҮ хийгээгүй. Бид ТЭЗҮ-ээ шинэчлээд явуулсан. Энэ маань батлагдаад ирвэл уурхайн нөөц эцсийн хувилбараар гарна гэсэн үг. Гэхдээ ТЭЗҮ-ийн нөөц болон үйлдвэрлэлийн нөөцийн хооронд тодорхой хэмжээний зөрүү байгаад байна. Үүнийгээ нарийвчлах, гаднын мэргэжлийн байгууллагаар шалгуулах, дахин тооцоолох судалгаанууд мөн давхар хийгдэж байгаа юм.
Ордын нөөцөө тэлнэ гэвэл манай орд газруудтай хиллэн лиценз авсан компаниудын асуудал зайлшгүй сөхөгдөнө. Орд маань Сэлэнгэ аймгийн Сайхан, Орхон гэсэн хоёр сумын газар нутгийг дамнан оршдог учраас заавал энэ хоёр сумтайгаа ойлголцож газар авах, ойр орчмын нутагт, тухайн үед хийсэн хайгуулын лицензийг салгах гэх мэт эхний ажлыг бид Хуулийн хэлтэстэйгээ ярилцаад бэлтгэж байгаа. Эхлээд сумын ЗДТГ-тай, дараа нь аймгийн ЗДТГ-тай гэх мэт шат шатны байгууллагуудтай ярилцаж, зөвшилцөх, зарим тохиолдолд шаардлага тавих гэх мэт ийм ажлууд хийх байх.
Манай компани тэсэлгээний ажлыг гэрээт компаниар хийлгэж байсан. Төрийн өмчид шилжин ирсний дараа бид Уул уурхайн яаманд хүсэлт тавиад, өмнө нь хийж байсан тэсэлгээний ажлаа өөрсдөө хийхээр тусгай зөвшөөрлөө сэргээж, ажилчдаа дахин мэргэшүүлж, үнэмлэхжүүлээд авсан. Гэхдээ цар тахал, хил гааль дээр үүссэн нөхцөл байдлаас шалтгаалаад тэсэлгээний бодис хомстох тал бас ажиглагдаж байна.
Гурван кран бүгд эвдрэхэд гурван үйлдвэр ташраараа зогсоно
Цементийн үйлдвэрийн захирал Х.УГТАХБАЯР: Манай үйлдвэрт 1983 оноос хойш ямар нэгэн шинэчлэлт хийж байгаагүй. Үндсэндээ бид хуучин орос технологио 39 жил ашиглаж байна. Үйлдвэрийн техник, технологийн бүх эд анги, хөдөлгүүрүүд 1980-аад оны загвараараа байж байгаа. Энэ үйлдвэрийн ашиглалтын хугацааг уртасгахын тулд зайлшгүй шинэчлэл хийх шаардлагатай.
Манай үйлдвэрүүдийн хамгийн хүнд ачааг ердөө гурван кран л үүрдэг юм. Энэ гурван кран бол үйлдвэрийг холбодог зангилаа, гол амин зүрх нь гэж хэлж болно. Энэ гурав маань Чулуунцарын үйлдвэрээс гарч байгаа чулуунцарыг зөөнө, Шохойн үйлдвэрээс гарч ирсэн шохойг ачна, тээрмийн материалаа зөөж, гурван үйлдвэрийн хамгийн гол ажлыг нугалдаг. Хоёр кран нь 1983 оноос хойш ажиллаж байна. Одоо 40-өөд жил болж байна гэсэн үг. Үндсэндээ 2015 оноос хойш нэг кран л нэмэгдсэн. Гэхдээ тэр бас ашиглалтын шаардлагад нийцэхгүй л байгаа. Үүнээс өөр шинэчлэлт үнэндээ хийгдсэнгүй.
30-40 жил ашиглагдаж байгаа техникийн сэлбэгүүд олдохоосоо олдохгүй нь их. Олдсон ч маш үнэтэй байдаг. Ер нь сэлбэг олох гэж өвсөн дотроос зүү эрэхтэй ижил юм болдог. Энэ гурван краныг бид шинэчилж чадвал үйлдвэрлэлийн бүтээмж хамаагүй дээшлээд эхэлнэ. Энэ гурван кран гурвуулаа эвдрэхэд Чулуунцарын болон Шохойн, Цементийн гэсэн гурван үйлдвэр ташраараа зогсоно. Энэ гурван үйлдвэрийн гол зангилаа бол энэ кранууд юм.
Мөн үйлдвэрийн хувьд тээрмээ шинэчлэх шаардлагатай байна. Нэг цагт нэг нь 50 тонн, нийлээд цагт 150 тонн цемент нунтаглах хүчин чадалтай гурван тээрмээ болж өгвөл орчин үеийн шинэ тээрмээр шинэчлэх хэрэгтэй байгаа юм. Манай энэ тээрмийн өөрийнх нь жин 500 тонн. Хөдөлгөж, үйлдвэрлэлээ явуулахдаа эхлээд гурван минутын турш бага багаар эргэсээр хурдаа авдаг. Гэвч хавар энэ давтамжийн хувьсгуур эвдэрч, 500 тоннын жинтэй эд тээрмийн шүд араа нь холхивчууд дагаад эвдэрсэн. Энэ бол 30-40 жилийн түүхэнд гараагүй том эвдрэл байсан.
2008 оны загвар, манайд 2010 онд тавигдсан, хоцрогдсон учраас олдоц муутай байлаа. Бид эвдрэлээ засуулахын тулд “Эрдэнэт”, “Оюутолгой”, Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт хандаж үзсэн. Монголд засах боломжгүй, кран ч дийлэхгүй. Зөвхөн төв редукторын нэг араа нь дангаараа 65 тонн. Тэр том арааны голыг суллана, холхивчийг солино гэх мэт ажлыг Монголд гүйцэтгэх газар байгаагүй учраас манай засварчид, токарьчид өөрсдөө зассан. Ердөө нэг сарын дотор засаад ажиллагаанд оруулаад авсан.
Өнөөдөр үйлдвэр 100 хувь ажиллаж байгаа ч техник, технологийн шинэчлэл хийхгүйгээр, одоо байгаа техникийн боломжоор ажиллахад хүнд байгаа ч техникүүдээ сайн мэддэг, гэмтлээ дор нь тодорхойлоод засаж чаддаг ажилчдынхаа хүчээр асуудлаа одоохондоо шийдээд явж байна.
Өвөл Шохойн үйлдвэр л ажилчдынхаа сул зогсолтын мөнгө, цалинг тавьдаг
Шохойн үйлдвэрийн дарга М.АЛТАНСҮХ: Манай үйлдвэр 1983 онд уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг технологийн шохойгоор хангах зорилготой байгуулагдсан. Жилд 65 мянган тонн шохой үйлдвэрлэх хүчин чадалтай гурван зуухтай. Хоногт нэг зуух нь 70 тонн барилгын болон технологийн шохой үйлдвэрлэдэг. Гол хэрэглэгч маань уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр. Мөн силикат эдлэлийн болон хөнгөн блокийн үйлдвэр, зарим арьс ширний үйлдвэрүүдэд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг.
Үйлдвэр байгуулагдаад бараг 40 жил болох гэж байгаа ч энэ хугацаанд нэг ч удаа арчлалт, шинэчлэлт, хөрөнгө оруулалт хийж байгаагүй. Бидний хувьд тулгамдаж байгаа гол асуудал бол утаа. Хөтөл тосгоны иргэд болон үйлдвэрийн ажилтнуудын санааг зовоодог асуудал бол энэ. Сүүлийн үед утааг бууруулах зорилгоор удирдлагууд ч, бид ч судалгааны ажил хийж байна. Мөн орчин үеийн дэвшилтэт технологи нэвтрүүлж, хэвтээ зууханд шилжих, силикат болон хөнгөн блокийн үйлдвэр барьж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар судалгаа хийж байна.
Энэ төсөл одоогийн байдлаар 2023-2024 онд хэрэгжиж эхлэх төлөвлөгөөтэй байгаа. Үйлдвэрт шинэчлэлт хийхэд өндөр өртөг шаардагдах байх. Гэхдээ үүнийг дагаад түлш, түүхий эд гологдохгүй, үйлдвэрийн бүтээмж нэмэгдэж, утааны асуудал багасан, ажилчдын ажиллах орчин сайжрах гэх олон эерэг үр дүн гарна л даа.
Өмнө нь үйлдвэрт технологийн шинэчлэл хийх тухай яригдаж байсан боловч цаасан дээр бууж, хэрэгжсэн зүйл огт байгаагүй. Манайхан бол их л хүнд орчинд ажилладаг. Улирлын чанартай ажилладаг, зөвхөн Шохойн үйлдвэр жилийн дөрвөн улиралд тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг учраас өвөл Шохойн үйлдвэр маань л ажиллаж, энэ үйлдвэрийн гурван зуухаар ажилчдынхаа сул зогсолтын мөнгө, цалинг тавьдаг. Нэг ёсондоо “Эрдэнэт” үйлдвэрт зарсан шохойны мөнгөөр л ажилчдынхаа цалинг олгодог.
Түлш, түүхий эдийн тасалдал гарахгүй, нөөц хэвийн байвал асуудалгүй ажиллаад байдаг ч гол хүндрэл үзүүлдэг зүйл бол шатаах зуухны доторлогоо байна. Үйлдвэр 39 жил ажиллахдаа иж бүрэн доторлогоог нэг ч удаа хийж байгаагүй. Дандаа нөхөөс доторлогоо хийж ирсэн. Тийм учраас 2022 оны бизнес төлөвлөгөөнд хоёр зуухаа бүрэн доторлохоор тусгаад, тендерээ зарлаад явж байна. Зуухны доторлогоонд хром болон галд тэсвэртэй тоосго ашигладаг. Бид доторлогооны материалаа БНХАУ руу захисан. Ирэхээр нь нэг, хоёрдугаар зуухаа ээлжлэн зогсоогоод доторлоно.
Манай үйлдвэр гар ажиллагаатай, конивероор орж ирж байгаа чулуунаас хольцыг нь гараараа ялган түүдэг. Том ширхэгтэй чулуулгыг ч гараараа хагалдаг. Тоосжилт ихтэй ч тоосжилтын төхөөрөмж гэж байдаггүй юм. Манай ажилчид ийм хүнд нөхцөлд ажилладаг даа.
Чулуунцарын үйлдвэрийн төсөл 2011 онд эхэлж, 2013 оны төгсгөлд ашиглалтад орсон
Чулуунцарын үйлдвэрийн дарга Т.АЛТАНХУЯГ: Чулуунцарын үйлдвэр маань энгийнээр хэлэхэд шохойн чулуу, нүүрсээ бэлдэж, бутлаад, нунтаглан шатааж цементийн үндсэн эрдэс болох кликерийг гаргаж авдаг. Энэ бол цементийн хагас боловсруулсан түүхий эд, цементийн 70-80 орчим хувьд ордог түүхий эд. Ерөнхийдөө үйлдвэрийн хамгийн чухал, үндсэн хагас боловсруулах түүхий эд бэлтгэх хэсэг гэж ойлгоход болно.
Манайд гурван том нэгж харьяалагддаг. Зуухны, нүүрсний, түүхий эдийн тээрэм гэсэн энэ гурав кликер гаргахад тус тусдаа үүрэгтэй. Манай үйлдвэрийн бүтээн байгуулалт 2011 онд эхэлж, 2015 оны гуравдугаар сар гэхэд дуусчихсан байсан. Нэг ёсондоо 2015 онд хувьд очихоос өмнө ашиглалтад орсон гэсэн үг. Өмнө нь 1983 онд баригдсан нойтон аргаар ус, цахилгаан их зарцуулдаг хүчин чадал багатай үйлдвэр ажиллаж байсан. 2011 оноос төсөл эхлээд 2013 он хүртэл нойтон аргаар давхар үйлдвэрлээд явж байсан. Шинэ төсөл 2013 оны төгсгөлд ашиглалтад орж, барьж өгсөн хятад инженерүүд жил гаруй хугацаанд ажиллаж байгаад 2015 оноос хойш монголчууд, манайхан өөрсдөө ажиллуулж эхэлсэн. Хуурай аргаар боловсруулсан үйлдвэртэй болсон түүх энэ.
Манай үйлдвэр нүүрс, шохойн чулуу бэлтгэх зэрэг гурван гол хэсэгтэй. Шатаах зуухны доторлогооны тоосгоны ажиллах хугацаа зургаан сар байдаг. Тэгээд хугацаа нь дуусахаар галд тэсвэртэй тоосгоор сольдог юм. Гэвч энэ тоосгыг солиогүй хоёр жил ажиллуулж, норм нь дуусчихаад байна. Өнгөрсөн оны тавдугаар сард 60 метр зуухны 20 гаруй метрийг доторлосон ч зургадугаар сард тоосгоны асуудлаас болж зогсолт үүссэн учраас шинэчлэх гээд тендер зарлаж, материалаа Сангийн яам, МХЕГ-т явуулчхаад байж байна.
Бид наймдугаар сарын 1-нд их засварын ажил төлөвлөсөн ч үйлдвэрийнхээ хэвийн ажиллагааг алдагдуулахгүйн тулд түүхий эдийн нөөцөө сайн татаж авч байгаад засварын ажлаа эхлүүлэхээр шийдсэн. Манайх Цементийн үйлдвэрийн түүхий эдийн 90 гаруй хувийг нийлүүлдэг. Үйлдвэр зогсвол Цементийн үйлдвэр зогсох учраас хугацаа алдаж болдоггүй юм.
Хувьчилж авсан тал үйлдвэрт хөрөнгө оруулалт хийсэн гэж мэдэгддэг үйлдвэр бол манайх. Үнэн байдал гэвэл энэ төсөл 2011 онд эхлээд, хувьд очихоос өмнө ашиглалтад орсон. Бүтээн байгуулалт, шинэчлэлийг төр хийсэн гэх үү, хувийн компани хийсэн үү гэдэг дээр одоо ч маргаад байх шиг байгаа юм. Үйлдвэрийг төрийн өмчид байхад А.Шоовдор захирал санаачлан төрөөс зээл авч энэ үйлдвэрийн бүтээн байгуулалтыг хийж байсан.
Багаж, төхөөрөмж нь байвал манай токарьчид, засварчид юуг ч засварлах чадвартай
Засварын нэгдсэн цехийн механик инженер Ж.МЯГМАРСҮРЭН: Манай цех үйлдвэрийн бүхий л тоног төхөөрөмжийг хариуцан засвар үйлчилгээ хийнэ. Хуучин эд ангийг сэргээн засварлана. Бидний хийсэн хамгийн том засвар бол Тээрмийн цехийн редукторын гол, хоёр, гуравдугаар тээрмийн редукторын голыг суурин дээр нь зассан явдал байлаа. Гэмтлийг Монгол Улсад засах боломж байхгүй байсан. Эрдэнэтийн ГОК руу тээвэрлэхээс эхлээд хүндрэл учирч байсан. Мөн бутлуурын хэсгийн голыг солих гэх мэт хэд хэдэн том засварын ард гарсан.
Ер нь бол их шандас, чадвар сорьсон засварууд байсан. Засварчид бидний хувьд огт хийж байгаагүй ажил учраас чадварыг жинхэнэ утгаар нь шалгасан гэж хэлж болно. Манайхан туршлага их суусан, ихийг мэдэж, сурч авсан. Ойролцоогоор нэг тээрмийн нэг тал дээр 10 хоног, редукторын нэг гол дээр 10 хоног ажилласан.
Хамгийн анх гуравдугаар тээрэм дээр 2020 онд гэмтэл гарсан. Тэгэхэд бид нэг талыг нь янзалсан юм. Одоо бол ойрын 10 жилдээ ажиллагаа нь дажгүй гэж бодож байна. Саяхан долдугаар сарын 1-нд шохойн чулууны бутлуурын гол хугарсан байсан. Түүнийг бас заслаа. Ер нь л үйлдвэрийн хэмжээнд байнга засвар үйлчилгээ хийж явдаг. Тоног төхөөрөмжүүдэд 1983 оноос хойш ямар ч шинэчлэлт хийгээгүй учраас токарьчдынхаа ур чадварт суурилж засвар үйлчилгээгээ хийдэг. Зузаан, зузаан олон тонны жинтэй төмөр эд ангиудыг сэргээн засварлаж, гагнуураар шүд ургуулж, токарийн машин дээр зорж, хонхойсон газрыг шаваас хийнэ, үйлдвэрийн амийг бид ингэж л торгоож, тордоод явж байна.
Одоо техникүүдийг шинэчлэх цаг нь болсон. Орчин үеийн токарийн машин үнэхээр хэрэгтэй байна. Бидний ашиглаж байгаа токарийн машинуудын маань хамгийн залуу нь гэхэд л 1986 оных шүү дээ. Түүнээс хойш ямар ч шинэчлэл хийгдээгүй. Ажилтай маань холбоотой учраас сүүлийн үеийн анхаарал татсан токарийн машинуудыг сонирхож үзсэн. CNC буюу Герман, Солонгост үйлдвэрлэсэн бүрэн автомат машин, мөн ОХУ-д үйлдвэрлэсэн хагас автомат машин зүгээр санагдсан. Манайд нэг юмыг олноор үйлдвэрлэдэггүй учраас CNC бас тийм тохиромжтой биш, Оросын сүүлийн үеийн хагас автомат машин зүгээр юм уу гэж бодсон. Багаж, төхөөрөмж нь байвал манай токарьчид, засварчид юуг ч засварлах чадвартай. Өмнөх үеийнхэн маань биднийг маш сайн бэлдсэн. Сайн ч багш нартай байлаа. Гол нь тоног төхөөрөмж л дутагдаж байна. Бидний хувьд хамгийн их хүсэж, мөрөөдөж байгаа зүйл бол тоног төхөөрөмжийн парк шинэчлэлт л байна.
Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН СОНИН