Швейцарын Женев хотноо энэ оны 7 дугаар сарын 14-22-ны өдрүүдэд Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Ерөнхий Ассамблейн 63 дугаар чуулган болов. Уг чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд Монгол Улсын Оюуны өмчийн газрын дарга Г.Элбэгсайхан үг хэлж, оюуны өмчийн эрхийг хамгаалах чиглэлээр манай улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцууллаа.
Тус чуулганы үеэр Оюуны өмчийн газрын дарга Г.Элбэгсайхан Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Ерөнхий захирал Дарен Тангтай уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцон, хамтын ажиллагааны талаарх баримт бичгүүдэд гарын үсэг зурав.
Тухайлбал, Монгол Улсын Оюуны өмчийн газраас үзүүлж буй бизнесийн үйлчилгээг хөгжүүлэх асуудлаар хоёр байгууллагын хооронд хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулснаар оюуны өмчийн үйлчилгээ, удирдлагыг сайжруулж, зардал багатай, чанартай шийдлүүдийг Оюуны өмчийн газрын үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломж бүрдэв.
Мөн Монгол Улсын Оюуны өмчийн газар, Монгол Улсын Соёл, урлагийн их сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль, Дэлхийн оюуны өмчийн байгууллага Оюуны өмчийн асуудлыг тусгасан хичээлийн хөтөлбөр боловсруулах, сургалтын үйл ажиллагааг явуулахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах тухай хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулснаар манай улсын холбогдох их сургуулиудын дээд боловсролын хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн оюуны өмчийн байгууллага болон Оюуны өмчийн газрын мэргэжилтнүүдээр хичээл заалгах, судалгаа шинжилгээ хийх, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх боломж бүрдэж, оюуны өмчийн салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах юм.