“Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадмыг ирэх наймдугаар сарын 6-7-ны өдрүүдэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран Хүй долоон худагт зохион байгуулах гэж байна.
Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй баяр бөгөөд Монголын шашин соёлын томоохон арга хэмжээ юм.
Жил болгоны наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд зохиогддог тус арга хэмжээний үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохиогддог. Мөн цам харайх, маань татах, Соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх, шашин соёлын үзэсгэлэн худалдаа зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд болдог. Мөн 256 хүчит бөх барилдан, даага, их нас болон жороо морьд уралдах бөгөөд морьт харвааны үзүүлбэр зохион байгуулна.
Бурхны шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаанд багтах цам нь Даншиг наадмын гол онцлог юм. Үүнд Очирваань бурхан болон уран хошин, инээдмийн дүр бүхий цагаан өвгөн мөн нийслэл хотыг хүрээлэх дөрвөн дагшин уулын эзэд болох хангарди, гахай, нохой, хөх өвгөн болон бусад дүрүүдэд хувирсан 120 гаруй цамчид оролцдог.
Тэд хамгийн дэлгэр том баг өмсгөл, ур хийц уран нарийн, гоёмсог чимэг зүүлт, барьц хэрэгслээрээ гоён дотоод агуулгын хувьд гүнзгий гар, хөл, биеийн хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн бясалгалыг илэрхийлэн хортон дайсан, ад зэтгэрийг догшдын хөдөлгөөнөөр даран сөнөөж буй хөдөлгөөнүүдийг уран яруугаар үзүүлдэг.
Даншиг наадам нь Монголын соёл, шашны зан үйл, уламжлалт хэв шинжийг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам бөгөөд аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлж олон улсын жуулчдыг татах өндөр ач холбогдолтой арга хэмжээ юм.
Эх сурвалж: Нийслэлийн аялал, жуулчлалын газар