Магадгүй та өмнө нь ингэж бодож байгаагүй байж болох юм аа. Би яаж энэ арвин их Монгол хэлний асар олон үгийг сурсан юм болоо гэж. Зарим нэг хүмүүс эцэг, эхээсээ цусаар нь дамжин өвлөгддөг гэж боддог байж болох юм. Хэрэв тийм бол Монгол хүүхэд гадаадад төрөөд хэлд орохоороо байгаа улсынхаа хэлээр хэлд орчихдог нь сонин тийм ээ.
Тэгэхээр хэл сурна гэдэг бол сонсож, харж, хэрэглэж бий болдог эд байх гээд байна. Мэдээж бидний өдөр тутамдаа хэрэглэдэг цөөн тооны үгсээс эхлээд л сурна шүү дээ. Гэтэл Монгол хэлний энэ аугаа олон үгсийг яаж сурах вэ? Бид тийм олон үг оролцуулж ярьдаг бил үү. Эргэлзээтэй.
Өнөөдөр харин санаандгүй байж байгаад учрыг нь олчих шиг санагдав. Манай гэрт найман настай “дэлхийн мисс” өсч байгаа юм. Тэр нөхөртэй ярилцах хөөрхөн л дөө. Тэгэхдээ тэр болгон ярилцаад байх цаг зав гарахгүй нь харамсалтай. Манай охинд ном унших сонирхол их байгаа нь харин сайшаалтай юм шүү. Ээж нь саяхан IQ хөгжүүлэх дасгалын ном авч өгсөн юм.
Тэгсэн өнөөдөр ПС дээр юм хийгээд сууж байсан чинь асууж байна аа:
-Аав, суусар гэж юу вэ?
-Аав аа энэ дөрөө гэдэг чинь бас амьтан уу? гэх мэтээр.
Тийм ээ хүүхдүүд бидний тэдэнтэй харилцахдаа ашиглаж чаддаггүй үгсийг номноос мөн ТВ гэх мэт мэдээлийн хэрэгслүүдээс мэдэж аваад цээжилчихдэг юм байна шүү дээ.
Би жишээлбэл, багадаа хөдөө их явдаг байсан болохоор малын тоног, зүс, нас, явдлыг нэрлэдэг бүх үгсийг сурсан юм байна. Түүнээс гадна дэлхийн сонгодогууд болох Жюль Верни, Майн Рид, Жек Лондон, Шолохов, Айтматов гэх мэт нөхдийн номноос асар олон уран цэцэн, өгүүлэмж, сонсголон ихтэй үгсийг мэдэж авсан байх нь.
Тиймээс эцэг, эхчүүд минь хүүхдүүдээ уншиж суртал нь үлгэр сайн ярьж өг, уншаад сурмагц нь нас сэтгэхүйн онцлогт нь таарсан ном уншуулаад тэднийг номонд дурлуул, мэдээж танин мэдэхүйн ертөнцийг нь тэлэх үүднээс өөр өөр амьдралын хэв шинж, нийгмийн давхаргууд, орон нутгийг үзүүлж, аялуулж байгаарай.
Бас нэг гайхалтай том сургууль бол музей үзэх. Хүүгээ бага байхад нь нийслэлийн бараг бүх музейг үзсэн дээ. Охиноо харин дагуулж явалгүй уджээ. Тэгээд хараад байсан хүү багаасаа амьтны ертөнц, газар зүйг арай илүү сонирхон тиймэрхүү ном их уншсан байх жишээний.
Тийм ээ. Өдөр ирэх тусамд даяаршиж байгаа дэлхий ертөнцийн дунд эх хэлний дархлаа минь өндөр байж гэмээнэ бид өдөр бүр устан алга болж байгаа зарим нэг үндэстэн, соёл мэт алга болохгүй үлдэх юм шүү дээ. Тэгэхээр үр хүүхдүүддээ яруу тунгалаг монгол хэлээ илүү сайн сургахын тулд түүний танин мэдэхүйг ном, аялал, музей зэргээр дамжуулан хөгжүүлээрэй эцэг, эхчүүд минь. Энэ нь та бидний эх орныхоо тусгаар тогтнолд оруулж байгаа том хөрөнгө оруулалт болно гэдэгт би итгэлтэй байна. Мэдээж энэ их үйлсэд бүх шатны сургуулийн эх хэлний багш нар үнэтэй хувь нэмэр оруулан дүрэмжүүлэх нь тодорхой.