Цар тахлын улмаас сүүлийн хоёр жил тасалдаад байсан “Оюутан цэрэг” сургалт дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлж, 52 их, дээд сургуулийн 452 оюутан цэргийн эрдэмд суралцаж байна. Эдгээр оюутнууд нь энэхүү сургалтад хамрагдахын тулд голч дүн 3.4 болон түүнээс дээш байж, эрүүл мэндийн үзлэг, бие бялдрын шалгуур давсан бөгөөд эхний шатандаа “Цэргийн ерөнхий бэлтгэл” онолын сургалтыг МУИС, ШУТИС, ХҮИС, МУБИС-дад тус тус танхимаар хоёр сарын хугацаанд хамрагдсан юм. Үргэлжүүлэн ҮБХИС-ийн Шар хад дахь Сургалтын төвд “Цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалт”-д хамрагдаж, цэргийн албанд дасгах, мэргэжлийн бэлтгэл, цэргийн мэргэжил олгох гэсэн гурван үе шаттайгаар суралцаж байна.
Тэгвэл оюутан цэргүүдийн сургалтын явц, ахуй орчин, цэргийн албанд хэрхэн дасан зохицож буйтай Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тэргүүтэй албаныхан танилцлаа.
“Цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалт”-д хамрагдаж байгаа оюутнууд дөрвөн бүлэгт хуваагдан дадлага, сургалтад хамрагдаж байна. Сургалтыг эрчимжүүлсэн, вакуумжуулсан тусгай хөтөлбөрөөр өдөрт 10 цагийн багц хичээлээр явуулж байгаа бөгөөд энэ хүрээнд цэргийн дүрэм, жагсаалын бэлтгэл, тактик, галын бэлтгэл, цэргийн байр зүй, зенит, артиллерийн бэлтгэл, амьд гарах арга ухаан, анхны тусламж зэрэг 12 хичээлийг нийт 560 цагийн багтаамжтайгаар явуулж байгаа юм. Эдгээр нь цэргүүдэд бие бялдар, сэтгэл зүйн тэсвэр хатуужил олгох, байлдаанд байлдагчийн үүргийг биелүүлэх, тасаг тоотын жигдрэлтийг хангах, хүн нэг бүрт цэргийн бага мэргэжил эзэмшүүлэхэд тус сургалт чиглэж байна.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тэргүүтэй албаныхныг хээрийн байрлалд ажиллах үеэр оюутан цэргүүд хэдийнээ цэргийн албандаа дасаж мэргэжлийн бэлтгэл, цэргийн мэргэжил олгох сургалтууддаа амжилттай хамрагдахын зэрэгцээ сургалтын хөтөлбөрийн дагуу байлдааны буудлагатай хээрийн сургууль, амьд гарах арга ухаан, холбоо, тагнуул, эрүүл мэнд гэсэн тус тусын цэгүүдэд сургалтууддаа хамрагдаж байв.
Албаныхан сургалтын цэгүүдтэй танилцсаны дараа нийт бие бүрэлдэхүүнтэй уулзаж, ярилцсан юм. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Хоёр сар гаруйн өмнө танхимд хичээллэж байхад нь уулзаж байсан залуу өнөөдөр танигдахгүй болж. Та бүхэн хөрслөг бор, булчин шөрмөс нь зангирсан хэдийнээ эр цэргүүд болсон байна. Энэ бол зөвхөн харагдах байдал юм” хэмээгээд “Монгол Улс бол Үндсэн хуульд заасны дагуу улс орны аюулгүй байдлыг хамгаалах асуудлыг төрийн үүрэг гэж үздэг. Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэн цэргийн алба хаах үүрэгтэй байдаг. Манай улсад цэргийн алба хаах олон хэлбэр бий. Хугацаат цэргийн алба, оюутан цэргийн алба, цэргийн жинхэнэ алба гэх мэт. Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчин бол Монгол Улсын тусгаар тогтнол аюулгүй байдлыг гаднын зэвсэгт халдлага түрэмгийллээс хамгаалах үүргийг хүлээдэг. Оюутан цэргийн сургалт 2014 оноос хэрэгжиж байна.
Цар тахлын улмаас оюутан цэрэг хөтөлбөр хоёр жилийн хугацаанд завсарлалаа. Энэ хугацаанд нийгэм, залуусын хүлээлт их байсан.
Хэдийгээр 12 сарын хугацаанд цэргийн алба хаах хуультай боловч оюутан залуусаас шигшигдэж ирсэн залуус та бүхэн богино хугацааны эрчимжсэн сургалтад хамрагдан ачаалал дааж, цэргийн мэргэжил эзэмшсэнээ байгаа байдлаараа, хийж буй үйлдлээрээ харуулж байгаад салбарын сайдын хувьд баяртай байна.
Мөн та бүхэн ирээдүйд өөртөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд, мөн иргэний үүргээ үнэнчээр биелүүлэхээр энэхүү сургалтад хамрагдаж байгаа. Тус хөтөлбөрт хамрагдсанаар эх оронч үзэлтэй, нийгэм, гэр бүлийн хандлага, хариуцлага сайжирч, хууль журмыг ойлгож авсан гэдэгт итгэлтэй байна. Улс орны ирээдүй болсон залуус та бүхэн эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн зэрэгцээ цэргийн нөхөрлөлийг мэдэрч, албаа амжилттай хаахыг хүсье” гэв.