Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсан инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд “Үндэсний инновацийн шагнал” олгоно. Үндэсний инновацийн шагнал нь “Шилдэг инновацийн бүтээгдэхүүн”, “Үйлчилгээний салбарын шилдэг инноваци” гэсэн 2 төрөлтэй байна.
1. Шилдэг инновацийн бүтээгдэхүүний шагналд зах зээлд шинээр, эсхүл өмнө байсан бүтээгдэхүүнээс чанар, технологийн агууламжийн хувьд давуу, орчин үеийн технологи, мэдлэгт түшиглэсэн, импортыг орлох, экспортод чиглэсэн техник, технологи, тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнийг нэр дэвшүүлнэ.
2. Үйлчилгээний салбарын шилдэг инновацийн шагналд зах зээлд шинээр, эсхүл өмнө байсан үйлчилгээний хэлбэрээс чанар, технологийн агууламжийн хувьд давуу, төрийн үйлчилгээ, банк санхүү, харилцаа холбоо, мэдээллийн технологи, боловсрол, эрүүл мэнд, тээвэр, худалдаа, аялал жуулчлал зэрэг үйлчилгээний салбарууд болон дундын ашиглалтын оффис, технологи дамжуулах төв зэрэг инновацийг дэмжих үйлчилгээг нэр дэвшүүлнэ.
Бүтээлд тавигдах шаардлага:
- Зах зээлд сүүлийн 2 жилд нэвтрүүлсэн байх;
- Тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, үйлчилгээг нэвтрүүлэхэд ашигласан техник, технологи, программ хангамж, зураг дизайн нь шинжлэх ухаан, технологийн дэвшилтэт ололтод тулгуурласан байх;
- Хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй нь судалгаа, туршилтаар нотлогдсон байх;
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, хүүхэд, эмэгтэйчүүд зэрэг хүн амын бүлгийн онцлог хэрэгцээнд нийцсэн байх;
- Олон нийтэд шинэ мэдлэг, өндөр технологийн ололтыг таниулсан байх;
- Инновацийн тухай хуулийн 15.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байх.
Нэр дэвшүүлэх бүтээлд дараах баримт бичгийг хавсаргана:
- Нэр дэвшүүлсэн этгээд нь аж ахуйн нэгж, байгууллага бол уг бүтээлийг инновацийн шагналд нэр дэвшүүлсэн тухай хамт олны хурлын тэмдэглэл;
- Нэр дэвшүүлсэн этгээд нь эрдэм шинжилгээний байгууллага, дээд боловсролын сургалтын байгууллага бол эрдмийн зөвлөлийн, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод бол тэдгээрийн удирдах зөвлөлийн шийдвэр;
- Нэр дэвшсэн бүтээлийн өмчлөгч (эзэмшигч)-ийн иргэний үнэмлэх, эсхүл улсын бүртгэлийн гэрчилгээ болон түүнтэй адилтгах бичиг баримтын хуулбар;
- Нэр дэвшүүлсэн этгээд нь хуулийн этгээд бол тухайн хуулийн этгээдийн танилцуулга;
- Нэр дэвшсэн бүтээлийн танилцуулга, шагналд дэвшүүлэх болсон үндэслэл/бүтээлийн үнэ цэнэ, нийгэм, эдийн засгийн үр ашиг, байгаль орчинд үзүүлэх нөлөө, үр дүнг түгээн дэлгэрүүлсэн байдал, цаашдын төлөв, технологийн горим, техник, эдийн засгийн үзүүлэлт/;
- Бүтээлийн онцлогийн талаарх танилцуулга (тухайн бүтээлийн техник, технологийн шийдэл, материал, тоног төхөөрөмжийн ашиглалтын нөхцөлийн талаар болон эдгээр нөхцөлийг дотоод, гадаадын ижил төрлийн бүтээлтэй харьцуулсан судалгаа);
- Бүтээлийн санхүүжилтийн эх үүсвэрийн талаарх танилцуулга (улсын захиалгатай төсөл, хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн бол энэ тухай дурдана);
- Бүтээлийн техникийн зураг, загвар, бүдүүвч;
- Бүтээлд холбогдох патент, ашигтай загварын гэрчилгээний баталгаажуулсан хуулбар;
- Нэр дэвшсэн бүтээлийг нийтэд нээлттэй танилцуулах, сурталчлах зорилгоор хэвлэн нийтлэх зөвшөөрлийн бичиг
Жич: “Монгол Улсын Төрийн шагнал”, “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ”, “Байгаль, нийгмийн ухааны шагнал”, “Технологийн дэвшлийн шагнал” авсан, нэр дэвшүүлсэн бүтээлийг шагналд давхардуулан нэр дэвшүүлэхгүй. Баримт бичгийн бүрдэл дутуу хүсэлтийг хүлээн авахгүй.
Үндэсний инновацийн шагналд нэр дэвшүүлэх хүсэлтийг 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 17:00 цаг хүртэл Боловсрол, шинжлэх ухааны яамны 507 тоот өрөөнд хүлээн авна. Холбоо барих утас: 51-267131
Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам