Улсын хоёрдугаар төв эмнэлгээс зарласан “Өндөр өртөг бүхий эмнэлгийн хэрэгсэл худалдан авах нээлттэй тендер”-т “ЧТ” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгохоор тендерийн Үнэлгээний хороо шийдвэрлэсэн, үүний дагуу компани болон тус эмнэлгийн хооронд “Өндөр өртөг бүхий эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх” тендерийн гэрээ байгуулагдаж, “ЧТ” ХХК нь тоног төхөөрөмж нийлүүлсэн байна.
Тус тендерт оролцсон “СУ” ХХК уг шийдвэрийг эс зөвшөөрч, тендер шалгаруулалт бүхэлдээ хууль бус болсон, тендерийн гэрээг хүчингүй болгох үндэслэлтэй гэж маргажээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн, тендер шалгаруулалт хууль бус байсныг тогтоож шийдвэрлэсэн боловч уг тендер шалгаруулалтын үр дүнд “ЧТ” ХХК болон Улсын хоёрдугаар төв эмнэлгийн хооронд байгуулагдсан “Өндөр өртөг бүхий эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх гэрээ”-г хүчингүй болгохоос татгалзсан байна. Шүүхүүд “тендер шалгаруулалтын үйл ажиллагаа хууль зөрчсөн, хууль бус болох нь тогтоогдож байх боловч уг тендер шалгаруулалтыг үндэслэн байгуулсан гэрээ нь нэгэнт хэрэгжээд дууссан тул түүнийг хүчингүй болгох үндэслэлгүй /нэхэмжлэгчийн эрх сэргэхгүй/” гэсэн дүгнэлт хийжээ.
Улсын дээд шүүхээс тендер шалгаруулалт нь хэд хэдэн үе шаттай явагдах бөгөөд тендерийн хянан үзэх шатанд тэнцсэн тохиолдолд үнэлгээний шатанд орох, үнэлгээний шатнаас шалгарсан буюу тендерт ялсан бол гэрээ байгуулах эрх үүсэх зэргээр хоорондоо холбоотой үргэлжилсэн үйл ажиллагаа тул “тендер шалгаруулалт хууль бус байсан” тохиолдолд түүний дагуу байгуулагдсан гэрээг “хууль ёсны” гэж дүгнэх боломжгүй гэж үзсэн байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох тендер шалгаруулалт хууль бус бол түүнийг дагаж гарсан эрхийн актууд, үүн дотор тендерийн гэрээ хууль бус болно, тухайн гэрээ хэрэгжиж дууссан зэрэг үйл баримт нь гэрээг хууль ёсны болгохгүй гэж үзэж, “ЧТ” ХХК болон Улсын хоёрдугаар төв эмнэлгийн хооронд байгуулагдсан “Өндөр өртөг бүхий эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх гэрээ”-г хууль бус байсан болохыг тогтоожээ.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолын дэлгэрэнгүйтэй дараах линкээр танилцана уу.
Хураангуй бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн шүүгч П.Соёл-Эрдэнэ