Буйр нуураас хясаа түүж, чанаж идэхгүй байхыг Экологийн Цагдаагийн Алба (ЭЦА)-наас анхааруулж байна. Нас биед хүрсэн нэг хясаа ойролцоогоор 190 литр усыг таван цагт цэвэршүүлдэг.
Буйр нуурт амьдардаг дагуурын сувдан хясаа (Dahurinaia dahurica ), дэлт танан хясаа (Cristaria plicata) нь Монгол орны улаан номд орсон. Түүнчлэн танан хясаа (Middendorffinaia mongolica) Онон, Балж, Халх, Нөмрөг голын савд маш цөөн таардаг.
Хясаа нь илтэс заламгайтны ангийн төлөөлөгч юм. Буйр нуурт 10-30 см урт, 200-1,000 грамм жинтэй бодгалиуд элбэг таардаг байна. Шохойлог бодисоос тогтсон хатуу хавтас нь нуур, голын ёроолын элсэнд шигдэн амьдрахад зохицсон. Хавтасны завсраар цухуйх булчинлаг хөлөөрөө алгуурхан хөдөлж шилждэг. Хясаа тайван үедээ хавтсаа нээж, биеэ хамгаалахдаа хавтсыг хаах булчингууд идэвхтэй ажиллаж хаана.
Хясаа нь ягаавтар өнгөтэй салбант нялцгай биетэй. Салбангаас ялгарсан шүүс нь шохойлог бодис ихээр агуулдаг. Хясаа ус цалгилах, гэрэл, харанхуйг мэдэрдэг байна. Эм хясааны өндгөн эс, эр эстэй усанд нийлж үр тогтдог.
Авгалдайн шатандаа загасны заламгайд өсөж, бие гүйцээд нуур, голын хүчилтөрөгчөөр баялаг ёроолын хэсэгт маш олон жил амьдардаг гэсэн мэдээ баримт бий.
Нуураас агнаж буй загасны тороор шүүгдэн хорогдохоос гадна усны бохирдол, хатаж ширгэх зэрэг байгалийн хүчин зүйлийн нөлөөгөөр тоо толгой нь ховордож байгаа тул бид хайрлан хамгаалах ёстой юм.
Эх сурвалж: ЭЦА