Хор хөнөөл нь Эбола вирустэй ижил гэгддэг Марбург вирусийн халдварын тохиолдлууд анх удаа Гана улсад илэрснийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) зарлажээ.
Ням гарагт Баруун Африкийн Гана улсын өмнөд бүсийн Ашанти мужаас халдварын хоёр тохиолдол илэрч, ойрын хавьтал 98 хүнийг тусгаарласан байна.
Одоогоор Марбург вирусийн халдварт өвчнийг эмчлэх эм, хамгаалах вакцин гараагүй байгаа. Уг өвчний үндсэн шинж тэмдэг нь өндөр халуурал, гадуур болон дотуур цус алдалт юм.
Марбург вирусийн халдварын тохиолдлууд өмнө нь зөвхөн Ангол, Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс, Кени, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, Угандад бүртгэгдэж байжээ.
Эбола вирустэй нэг төрөлд багтдаг Марбург вирус сарьсан багваахайгаас хүнд халдварладаг бөгөөд биеийн шингэнээр, харилцан хүрэлцэх замаар хүн хооронд дамждаг.
Өвчнөөс сэргийлэхийн тулд сарьсан багваахай амьдардаг агуйд нэвтрэхгүй байх, махыг сайтар болгож хүнсэндээ хэрэглэхийг Гана улсын эрүүл мэндийн мэргэжилтнүүд зөвлөж байна.
Өмнөх дэгдэлтүүдийн үеэр халдварын тохиолдолд нас баралтын эзлэх хувь вирусийн төрөл зүйл, хариу арга хэмжээний үр дүнгээс хамааран 24-88 хувийн хооронд хэлбэлзэж байсныг ДЭМБ мэдээлжээ.
Эх сурвалж: AFP