Эх сурвалж: montsame.mn / Мягмарсүрэн.Б
Энэ жил түүхт 100 жилийн ой нь тохиож буй Алдархаан сумын нутагт орших Яруугийн хүрээний туурийг Завхан нутгаар аялахдаа заавал очиж үзээрэй.
Яруугийн хүрээ, Дашпунцаглин хийд нь Завхан аймгийн төв, Улиастай хотоос баруун тийш, Алдархаан сумын нутагт, 17 километрт, Яруугийн голын эрэг, Улиастай-Донойн нисэх буудлын замын урьд талд төвхнөж байжээ. Анх ялгасан хутагт Лувсанданзангийн харьяа сум гэгдсэн нэгэн дацангаас эхлэлтэй аж.
Хутагт нь улмаар Ховдын “Түгээмэл амаржуулагч” сүмийн лам, банди нарыг захиран сууж байсан бөгөөд 1840 оны зун Цагаан малгайт хуйхуй дээрэмчид ирж нэлээд өргөжсөн дээрх хийдийг сүйтгэжээ. Үүний улмаас ялгасан гэгээний сүм Идэрийн голд нүүж Яруугийн хүрээнд Гүдэнгийн дуган, Сайн цагийн 1000 бурхан, 16 Найдан Жүдэгтэй, Зуугийн сүм хоёр үлдэж 40 шахам жилийн дараа 1867 онд нэгдэж Дашпунцаглин хийдийг Манжийн захиргааны үед цэргийн цайзын зориулалтаар ашиглаж байсан Алдар толгойн орчим дахь шавар хэрэм дотор байгуулсан байна. Энэхүү хүрээ нь Цогчин, Дүйнхор, Гүнрэг, Мэгзэм, Мамба, Жүд, Майдар, Чойжинлин, Норовлин, Гүнчиглин, Санданлин, Гацаалан, Дордов, Баруун, зүүн Шадублин, Пэлжээлин, Даландаржаалин гэсэн 17 дуган, 14 суварга, 13 жастай бөгөөд эхэн үедээ 813, тарах үедээ 2000 орчим лам хувраг үлэмж хэмжээний мал хөрөнгөтэй байжээ.
Хүрээний гол дуган Дашпунцаглин хийд нь тусгай улаан хэрмэн дотор байсан бөгөөд зурмал наамал 1000 бурхан болон гол шүтээн том хэмжээний “Найдан Жүд” алтан бурхан түүний эргэн тойрон олон арван алт мөнгөн цөгц, шашны үнэт хэрэгслүүдээр чимэгдсэн. Сүмийн орой, алтан ганжир, сувдан чимэглэлтэй XVII, XVIII зууны үнэхээр хосгүй уран байгууламжийн нэг байв. Энд гол төлөв Чойрын ном “Ганжуур”, “Данжуур”–ын 108 боть зэрэг их хөлгөн судар номууд хурдаг. Энэ үед бусад дацангуудын лам нар ирж хуралд оролцдог, хурал номын томоохон төв байв. Дацангуудын хооронд хөх тоосго, чулуун хашлагт замтай. Дүнчүүр маань болон олон хүрд, Цогчин, Жас, Мамбын зэрэг гол гол дацан, долоон худагтай, өдөр бүр ээлж дараагаар хэрмээ тойрч гороолж байхаас гадна хүрээний доторх зохион байгуулалт эмх цэгц гойд сайн, цэвэр, цэмцгэр байжээ.
“Цэцгийн хүрээ”-ээс Монгол даяар алдар нь түгсэн маарамба оточ нар төржээ
Хүрээний баруун урьд талд муу муухай бүхнийг зайлуулж байхаар бэлгэдэн бүтээсэн Жаран Хашрагын суварга байсан ба түүнийг хэд хэдэн удаа засварлаж байсны дээр, сүүлчийн удаад Улаан хошуу Дамдин хэмээх дархан голлон хийсэн байна. Хүрээ орчим Самбуу, Түгжжав зэрэг нэртэй олон дархан байсны нэг нь Дамдин гуай байв. Тэр хүрээг тарах үед хамгийн сүүлд амьдарч байсан төдийгүй хийдийн гол бурхан тахилыг хураан заримыг худаг болон газарт дарж, мөн орчмын ууланд нуусан аж. Түүнийг таалал төгссөний дараа сумын төв рүү гурван машин бурхан шашны хэрэгсэл зөөж сум аймгийн музейд шилжүүлсэн гэдэг. Дамдин гуай нутгийн танил Гэрдтэй бусдаас дотно байсан бөгөөд түүний дарханы багажууд, бурхан тахилын зүйл энэ хүнд шилжсэн гэж хөгшчүүл хуучилдаг билээ.
Яруугийн хийдийн голлох дацангийн нэг нь Монголдоо төдийгүй Ази, Энэтхэг, Германд алдаршсан Мамба дацан байв. Анагаах ухааны орон болсон Мамбыг алдар цуутай Адарсүрэн, Чунаг, Тогмид, Түдэв, Санжжав, Лувсанцэрэн, Цэрэндорж нарын зэрэг оточ эзэмшин гадаад, дотоодын олон арван хүнийг эмчилдэг төдийгүй Богд эзнийг эмийн бодис, ургамлаар хангадаг учраас “Цэцгийн хүрээ” гэж зарим үед нэрлэдэг ч байсан гэдэг. Яруугийн хүрээний олон дацан сургуулиуд нь тус тусын чиглэлээр эрдэмтэн олон лам нарыг бэлтгэн гаргадаг байсны дээр Энэтхэг, Төвдийн мэргэдийн зохиол бүтээлийг орчуулах, тайлбарлахын зэрэгцээгээр шашны гүн ухааны зэрэг сэдвээр зохиол бүтээл туурвиж, өндөр боловсрол, мэдлэг ухаанаараа нутаг хошуу төдийгүй Монгол даяар алдар нь түгсэн маарамба оточ нар төрөн гарсан билээ.
Хүрээний дацангууд онцгой сургалтын арга барилтай байжээ
Яруугийн хүрээний дацангуудын сургалтад буддын номлолыг голчлон заахаас гадна, Энэтхэгийн их таван ухаан, бага таван ухааныг зааж байв.
Мөн хийдийн хурал номын ажлыг гүйцэтгэж явуулах боловсон хүчнийг бэлтгэхийг зорилго болгож байжээ. Сургалтын үндсэн арга нь 5-14 настай бага балчир хүүхдийг хийдэд шавилан суулгаж оюун ухаан, ой тогтоолт хурц сайн үед нь ном цээжлүүлдэг. Нас бие өсөх үед нь номын учир ухааныг тайлбарлан таниулж, өөр хооронд нь ном хаялцах буюу мэтгэлцэх маргах хэлбэрээр ухаан санаа, тогтоох ойг нь хөгжүүлдэг байв. Цээжилсэн номоос иш татаж дэлгэрүүлэн хэлэлцэх нь мэтгэлцэхэд хялбар байдаг байна. Энэ нь шавь сургалтын өвөрмөц онцгой арга юм. Хий хоосон цээжилсэн номоор мэтгэлцэж цэцэрхэх бус хүний дотоод чадавхыг хөгжүүлж, ертөнцийн уг чанарыг ухааруулдаг. Нигүүлсэн амарлихын их сэтгэлд хүргэх гол зорилгоор оюун сэтгэхүйг төгөлдөржүүлж, сэтгэлийг ариусгахад чиглэдэг байжээ. Яруугийн хүрээнд Цам бүжих, Майдар эргэх гэж олныг хамарсан томоохон баяр ёслол жил бүр болдог байжээ” гэж Яруугийн хүрээнд зургаан настайгаасаа 30 нас хүртлээ шавилан суусан лам Дуламын Дашренчин гуайн аман яриандаа өгүүлжээ. Түүний аман яриаг 2007 онд Монголын сүм хийдийн түүхэн товчоо төслийн баг тэмдэглэн авчээ.
Ийнхүү тус хүрээ олон зууны турш Монгол газар шимлэн хөгжиж, нутгийн ард олны оюун ухаан, сэтгэл санаа, зан заншилд хэвшин тогтож мандлын дээд цэгтээ хүртэл дэлгэрч байсан байна. Гэвч 1938 онд цагийн эрхээр шашин доройтон буурах үеэр эл хүрээ мөн л жам ёсоор болж эдүгээ Яруугийн хүрээний хийд дацангуудын буйр туур л үлджээ. Гэсэн хэдий ч өдгөө түүхэн дурсгалт, соёлын өв болсон энэхүү газрыг зорьж очиж үзээрэй.
Яруугийн хүрээний хийдийн туурийн одоо үе
Яруугийн хүрээний гаднах хашааны шавран хананы үлдэгдэл сайн хадгалагдан үлджээ. Өнөөдөр хашаа нь бүрэн нурж эвдрээгүй хоёр дахь түүхэн газар энэ юм.
Хашааны урд баруун өмнөд, баруун хэсэгт гэхэд муудсан боловч бүрэн үлдсэн хэсгүүд байна. Тэдгээрийн өндөр нь зарим газраа хоёроос гурван метр хүрнэ. Нурсан хэсгийн суурийн өргөн нь 3 м орчимтой. Алсаас хийдийн туурь сайн бараантан харагдана. Туурийн хойт талд зүүн талаасаа нэлээд нурсан боловч суурийн өвөрт хэрмийн үлдэц зэрэг нь сайн мэдэгдэнэ. Хэрмийг шавраар барьсан тоосго гэмээр зүйл мэдэгдэхгүй, шаврыг цутган барьсан байдалтай. Хэрмийн дотор талд хожим барьсан хагас нурсан байшин буй. Нутгийн иргэд нэг хэсэг хугацаанд 1940-1950 оны орчим багийн төв байрлаж байсан хэмээн өгүүлж байна. Харин хуучин хүрээний байр байшин гэр орон сууцны үлдэц энд тэнд хадгалагдсан.
Олон тооны байшин сүмийн суурь бий. Хамгийн том буюу цогчин дуганых гэмээр туурь нь 30:30 м хэмжээтэй. Үүнийг бид гол цогчин гэхийн учир нь хийдийн гол хэсэгт байрлалтай, нөгөө талаар туурин дээр босгосон хийдийн барилгын болов уу гэмээр зузаан, 30 см өргөн нэг метр орчим өндөр улаан чулуунд хүмүүс хадаг уяж шүтэн хүндэтгэж байгаагаас хамааралтай юм. Мөн Яруугийн хүрээний туурийг зорих замд Яруу нэртэй газар хоёр удаа тааралдсан. Нэг нь Улиастай хотоос Зүүн хойш 60 км-т байх сумын нэр, нөгөө нь Улиастай хотоос чанх баруун зүгт 17 км-т байх Яруугийн хүрээ юм. Яруу сум Яруугийн хүрээ хоёр хоорондоо ямар нэгэн холбоогүй гагцхүү адилхан нэртэй юм. Түүхэн газрын хэмжээг тогтоох боломжтой. Яруугийн хүрээг 1937,1938 оны орчим нураасан гэдэг нь үнэн бололтой. Учир нь хуучин сүм хийдийн туурь нь байшингийн суурь ихэд тэгшлэгдсэн байгаа юм. Хэдийгээр Улиастай хотод буй Дашпунцаглин хийдийн лам нар өөрсдөө Яруугийн хүрээг сэргээсэн гэж буй боловч хараахан бүрэн хэмжээгээр сэргээсэн гэж хэлэх боломжгүй байна гэж Монголын сүм хийдийн түүхэн товчоо төслийн багийнхан тэмдэглэсэн байна гэж аймгийн Соёл урлагийн газраас мэдээлэв.
Дашпунцаглин хийд өдгөө номын ухааныг зааж байна
Яруугийн хүрээний хийдийг хуучин суурин дээр нь сэргээн босгоогүй ч гэлээ үйл ажиллагааг нь үргэлжлүүлэхээр хийдийг дахин сэргээжээ.
Монгол оронд ардчилал, шинэчлэл өрнөж шашны уламжлалаа сэргээж эхэлсэн 1991 онд тус хүрээнд шавилан сууж байсан хэсэг сүсэгтний санаачилгаар хийдийн гол дуганыг шинэчлэн сэргээж бариад хурал ном хурдаг болсноор Дашпунцаглин хийдийн үйл ажиллагаа сэргэсэн билээ. Энэ үйлсэд Хөдөлмөрийн баатар С. Адьшаажав, лам Очиржав, Алтангэрэл, Баатар, Гончигсүрэн, Магсар, Жадамба нар идэвхийлэн оролцсон билээ. Хүрээний дахин сэргэлтийн анхны шавыг Лувсангийн Магсар, Нарангийн Муна нар таван өнгийн хив хадаг бусад зүйлийг модонд уяж цагаан даавуу дэвсэж тавгийн идээ, зул, хүж өргөж сан тавьсан байна. Тус хийдийн анхны хамба лам нь Жадамба гуай байсан бөгөөд тэрээр Цэрэндаш, Авирмэд, Гарав, Дансран, Доржпунцаг, Шарав нарын хамт анхны хурал номыг хурж байжээ. Түүний анхны шавь болох Л.Балдорж /1978-1999/, Х.Дашчоймбол, П.Сандагдорж, Б.Галсайхан нар үргэлжлүүлэн авч явна. Энэхүү Дашпунцаглин хийд нь өдгөө Улиастай суманд байрлаж байна гэж аймгийн Соёл урлагийн газраас мэдээлэв. Ташрамд Дашпунцаглин хийд өдгөө номын ухааныг сонирхон, шимтэн суралцах хүүхдүүдэд номын ухаан, танин мэдэхүй, анагаах эрдэм, уншлага гэх зэргээр бурхны номыг зааж байна.