Бид яагаад зарим хүмүүстэй маш таарамжтай байдаг хэрнээ зарим хүмүүстэй огтоос ч таарахгүй, зөрчилтэй, дургүй хүрмээр бүр үзэн ядмаар санагддаг юм бол???
Энэ талаар сэтгэцийн эмч, сэтгэл засалч Карл Юнг бүхэл амьдралынхаа турш судалсан бөгөөд хүнд өөртөө байхыг хүлээн зөвшөөрдөггүй, дарсан дургүй зан чанарууд байдаг. Чухамдаа өөртөө байхыг зөвшөөрөөгүй зан чанараа бусдаас харах үед бидний дургүйцэл, эгдүүцэл маш их хөдөлдөг. Үүнийг сэтгэл судлал “Сүүдэртэй тал” Shadow side гэж нэрлэдэг.
Маш шударга хүмүүс сэргэлэн хүмүүст дургүй, нарийн тооцоотой хүмүүс үрэлгэн хүнд дургүй, зарчимч хүмүүс замбараагүй хүмүүст дургүй, цэвэрч хүн заваан зүйлд дургүй гэх мэтчилэн жагсаагаад байвал дуусахгүй. Тийм учраас туйлын сайн зүйл, туйлын муу зүйл гэж байхгүй балчиг шавар дундаас ч бадамлянхуй дэлбээлж, балагтай муу зүйлээс ч сайн үр дүн гарах нь цөөнгүй.
Хэрвээ хэн нэгэн таны дургүйг хүргээд л байгаа бол асуултын хариултыг өөрөөсөө дотроосоо хайгаад үзээрэй. Магадгүй таны амьдралд тохиолдсон таагүй үйл явдал, дурсамж сэтгэл зүйн гэмтэл тань дотроос тань хатгаад байсан байх вий. Энэ бүхнийг яаж засах вэ? гэж үү. Бидэнд таагүй мэдрэмж төрүүлээд байгаа тэр зан чанар хүн болгонд л байдаг, тодорхой хэмжээгээр байх ёстой зан чанар учраас “ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ” өөртөө ч бусдад ч байдаг зүйл гэдгийг хүлээж авахад л энэ асуудал аяндаа шийдэгдэнэ.
Psychotherapist M.Dalaitseren хуудаснаас