Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Золжаргалаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.
-Баярын өдрүүдэд цагдаагийн байгууллагаас хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил, арга хэмжээ зохион байгуулж ажилласан бэ?
-Цагдаагийн байгууллагаас хүүхдийг гол усны үерээс, болзошгүй ахуйн, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зэрэг чиглэлээр дөрвөн төрлийн санамж, сэрэмжлүүлгийг хэвлүүлэн Сүхбаатарын талбай, Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэн зэрэг хүн олноор цугласан газруудад түгээж ажиллалаа.
Мөн бага насны хүүхдийг төөрөх болон бусад эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг, эх, асран хамгаалагчийн утасны дугаар бүхий цаасан бугуйвчийг 20000 ширхгийг хэвлүүлэн хүүхэд, багачуудад зүүж өгсөн. Ингэснээр бага насны хүүхэд төөрсөн тохиолдол өмнөх жилүүдээс хоёр дахин буурсан буюу нийт 83 хүүхэд төөрсөн байсныг олж тогтоон эрсдэлгүй эцэг, эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өглөө.
-Баяр, наадмын өдрүүдэд 23 унаач хүүхэд мориноос унаж нас барсан гэх мэдээлэл цахим орчинд гарсан. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Дээрх мэдээлэл нь энэ жилийн баяр наадмын нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл биш. Цагдаагийн байгууллагад энэ оны эхний зургаан сарын байдлаар бүртгэгдсэн тоо мэдээллийг иргэд, олон нийтэд сэрэмжлүүлэг болгож 2022 оны 7 дугаар сарын 8-ны өдөр иргэд олноор амарч зугаалах үед гардаг эрсдэл буюу орон байрны хулгай, гол усны аюул, хүүхэд мориноос унах, зам тээврийн осол зэрэг сэдвийн хүрээнд Нийслэлийн Хангарди ордонд хийсэн сэрэмжлүүлэг мэдээллийн үеэр дурдагдсан тоо мэдээлэл цахим орчинд иргэдэд буруу ойлгогдохоор гарч байна. Дээрх 23 тохиолдлыг тодруулбал 2022 оны эхний зургаан сарын байдлаар хурдан морины үсэргээ сунгааны үед мориноос унаж гэмтсэн 6, нас барсан 4, бусад буюу малдаа явж байхдаа, эмнэг сургасан, моринд өшиглүүлсэн зэрэг ахуйн хүрээнд 13 хүүхэд хохирсны 8 хүүхэд нь нас барсан, 5 хүүхэд гэмтэж бэртсэн харамсалтай тоо мэдээлэл байгаа юм.
-Энэ жилийн баяр, наадмын үеэр хүүхэд мориноос унасан уу?
-Энэ жилийн Үндэсний их баяр, наадмаар хүүхэд мориноос унаж нас барсан тохиолдол бүртгэгдээгүй.