Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдээг хүргэе.
7 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар Эг, Сэлэнгэ, Зэлтэр, Хэрлэн голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 25-50 см нэмэгдэж, Зэлтэр гол үерийн түвшинг 5 см давсан байна. Мөн түүнчлэн Үүр, Онон, Улз голын адаг болон Хэрлэн голын эхээр үерийн түвшинг 15-45 см, Хархираа гол үерийн аюултай түвшинд хүрч тус тус хүчтэй үерлэж байна.
Маргааш буюу 7 дугаар сарын 14-нд Сэлэнгэ мөрөн Хутаг-Өндөр сум Сүхбаатар хот орчимд болон Хэрлэн гол Мөнгөнморьт сум Багануур дүүрэг орчимд усны түвшин 5-15 см нэмэгдэх хандлагатай байна. Ойрын өдрүүдэд нутгийн баруун болон төвийн зарим хэсгээр үргэлжилсэн болон түр зуурын бороо орох төлөвтэй байгаа тул дээрх голууд болон баруун, төвийн аймгуудаар урсан өнгөрөх гол мөрний усны түвшин тухайн хугацаанд орсон хур борооны эрчимжил хэмжээнээс шалтгаалан богино хугацаанд огцом нэмэгдэх, жижиг гол хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух магадлал өндөр байна.
Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, гол руу зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.
Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн Гадаргын усны судалгааны хэлтэс