Энэ жилийн наадмыг нутагтаа үзэхээр шийдэж Хэнтий аймгийн Мөрөн сумын зүг жолоо заллаа. Зам зуур нутгийн зуншлагыг ажихад уул, тал нов ногоон болж, бороо хур тэгширсэн сайхан зун болж байна.Могой жилд хур бороо элбэг болно гэсэн нь үнэн ажээ.
Мөрөн сум бол аймгийн төв Өндөрхаан хотоос нааш 27 км зайд, нийслэл хотоос зүүн тийш 300 км зайд оршдог, хойгуураа мод ургасан салбарын уулс дүнхийж, тариа найгасан Чандган тал үргэлжилж, зүүн талдаа Мөрөнгийн гол урсаж Өндөрхаан хайрхан сүндэрлэсэн, урд талдаа Хэрлэн гол урсаж, Бүсийн овоо, Хөхөл хайрхан сүндэрлэсэн, Рашаант, Зөөлөн, Баагийн хоолой, Жаргалант… гээд бэлчээр сайтай нутагтай, рашаан ус, эмийн ургамал элбэгтэй, сумынхаа дэргэд Ноён, Хатан, Цагаан толгой уул сүндэрлэсэн, тахилгатай гурван хайрхантай сайхан нутаг даа.
Манай сум бол хуучнаар Сэцэн хан аймгийн Сэцэн ханы хошуу нутаг юм. Богд хаант Монгол улсын үед Богд гэгээний шавь таван хошууны нэг нь байсан. Сэцэн ханы хошуу бол олон хутагт хувилгаад, эрдэмтэн лам нар мэндэлж байсан ариун дагшин газар юм. Сэцэн ханы хошуу буюу одооны Мөрөн сумын Хэрээ Хөхөл хэмээх хайрханы өмнө нутагт Богд гэгээний цорж лам нар долоон удаа мэндэлсэн ариун дагшин газар билээ.
Монголын наймдугаар Богд гэгээний сүүлчийн цорж лам Чойнзон багш одооны Мөрөн сумын нутаг Хэрээ Хөхөл хэмээх хайрханы өмнө нутагт мэндэлж, бага наснаасаа сүм хийдэд шавилан сууж, бурханы номонд цагаарч, буян номыг ихэд үйлдэж, наймдугаар Богд гэгээний дамжаа барьсан, Халхын долоон цоржийн тэргүүн цоржоор томилогдсон эрдэмтэй хувилгаан лам байлаа. Энэхүү ариун дагшин газар ээж, эмээ минь үе дамжин нутаглаж байсан өвөг дээдсийн минь нутаг. Нутаг усандаа хүндлэгдэн эрдэм ном, буянаараа гайхагдаж байсан Богд гэгээний Цорж лам Чойнзон багшийг буруу номтон харгис улаантнууд 1937 онд баривчлан хороосноос хойш нутагт маань эрдэмтэй хуувилгаан лам дахин мэндэлсэнгүй бүтэн жаран өнгөрчээ. Бузар нүгэл дэлгэрсэн оронд Бурхан хүртэл зугтаах юм даа. Энэ л сайхан нутагт Эмэг эх минь, Ээж минь нутаглаж ,үр хүүхдээ хүн болгож, мал сүргээ мянга болтол нь өсгөж байсан даа. Монголд хорьдугаар зуунд цөвүүн муу цаг нүүрлэж, харгис улаантнууд мал сүргийг нь хураан нийгэмчилж, Бурхан тахил, ном судрыг нь шатаан устгаж байсан бэрх цагт Эмэг эх, Ээж хоёр минь огтхон ч гутарч сөхөрч байгаагүй, харин айлын дайтай айл болж, амьдралын хатуу хүтүүг сөрж давсан баатарлаг хүмүүс. Эмээ минь цагаан идээ сайхан хийдэг, малд гярхай, гараасаа зандан шар 108 ширхэг эрхээ салгадаггүй, маань, мэгзэм тасралтгүй уншдаг, сүжиг ихтэй хүн байсан. Би эмээгийнхээ тараг, цагаан идээг хүртэж өссөн хүн.
Энэ л сайхан нутагт Аав, Ээж минь амьдарч ажиллаж, ганц хүү нь болж төрсөн намайг Хүн болгон өсгөсөн дөө. Аав минь төрийн албыг морьтойгоо залгуулсан эгэл даруухан төрийн түшээ хүн . Аав минь хуучнаар Сайн Ноён хан аймгийн Үйзэн вангийн хошуу одооны Өвөрхангай аймгийн Зүүн баян улаан сумын хүн, эцэг нь Соном гэдэг тайж язгууртан хүн байжээ. Аав хорин настайдаа нутгаасаа цэрэгт яваад Хэнтий нутагт ирж, Мөрөн сумын хүн болсон доо. Ээж минь нутаг усныхаа олон түмэнтэй хамт жаргал зовлонгоо хуваалцаж явсан, дутагдах гачигдах юмгүй элбэг дэлбэг цалгиж явсан, боди сэтгэлтэй, өглөгч хүн дээ. Аав, Ээж хоёр минь хангай шиг түшигтэй, сүү шиг сэтгэлтэй, асрал энэрлийн Бурхад байсан даа. Би сайн Аав, Ээжтэй хүн. Би сайхан нутагтай хүн.
Нутаг усаа хараад, гэрийнхээ буурийг үзээд, Аав, Ээжийнхээ ачлалыг санахаар аяндаа нулимс цийлэгнэх аж. Сумынхаа наадам дээр Ээжийнхээ нөхөрлөж явсан үе тэнгийн боди сэтгэлт буурлуудтайгаа золгох мөчид нулимсаа барьж дийлэхгүй аж.
Нагац ах минь намайг таван нас хүрэхэд морь унуулж сургасан. Наадмын өмнөх нэгэн өдөр жижигхэн хүүхэд намайг морин дээр мордуулж эмээл дээрээ яаж тогтохыг зааж цулбуураас маань хөтлөн морины уяаг хэд тойруулснаа жолоо, цулбуурыг минь надад атгуулаад “Наад бүүрэгнээсээ битгий зуураад бай, гараа салга. Морио гуядаад одоо давхи” хэмээн нагац ах минь надад хэлэв. Би морио хайрлаад ташуурдсангүй. “Чүү” гээд дөрөөн дээрээ босож өндийлөө. Эхлээд ергүүллээ. Бие сэгсрэгдээд нэг л эвгүй. Дараа нь цогиуллаа. Харин энэ чинь сайхан зүйл байлаа. Морин дээрээ салхи татуулан давхих сайхан байлаа. Морин дээрээс миний хариулдаг хэдэн тугал бүр жижигхэн харагдах аж. Ингэж л би морьтой монгол болсон. Би долоон настайдаа сумын бага сургуульд орж сургууль руугаа морьтой явдаг байсан. Морь маллах ажил амаргүй. Орой нь морио чөдөрлөж тавина. Өглөө нь морио барина. Морио эмээллэнэ. Морио услана. Морь бол тэнгэрийн амьтан аж. Нагац ах минь морийг сайн танидаг, эмнэг морийг сургадаг, морийг сайн эмнэдэг, доголж байгаа морийг хатгуураар нэг хатгаад эмнэдэг, хурдны морийг уяа сойлгыг нь сайн тааруулж наадамд айргийн тавд баттай оруулж чаддаг нутагтаа нэртэй уяач байлаа.Нагац ах маань өөрийн адуун сүргээс нэгэн гүүг сонгож айлын азаргатай адуунд нийлүүлж хойтон жил авна гээд орхидог байв. Дараа жил нь очиход гүү нь унагалаад унагатай гүүгээ буцаан авч өөрийн адуун сүргэнд нийлүүлж өнөөх унагаа дааган насанд нь сумын наадамд сойж уралдуулахад баталгаатай айрагддаг хурдан хүлэг болдог байлаа.
Би ч ийнхүү энэ тэрийг санаж явсаар сумын төв орж хамгийн түрүүнд ах дүү нартайгаа уулзаж, нутаг орны сонин сайхныг дууллаа.Дараа нь сумынхаа Тамгын Газарт очиж сумын иргэдийн Хурлын дарга,сумын Засаг дарга хоёртой уулзаж сум орныхоо ажил амьдралтай танилцлаа.Мөрөн сум маань мал сүрэг нь өсөж гучин жилийн өмнө далаад мянган малтай байсан бол эдүгээ 140.0 мянган толгой малтай болж, мянгат малчны тоо дөч гаруй болж, машин техниктэй айлын тоо хоёр зуу гараад ,аймагтаа мянгат малчны тоогоор тэргүүн байрт яваа ажээ. Манай сум маань хүнсний ногоогоороо алдартай, ялангуяа Мөрөн сумын улаан сармис улсад алдартай даа.Харин сумын маань хүн ам нь өссөнгүй, хорин жилийн өмнө хоёр мянгаад хүн амтай байсан, одоо яг тэр хэвээрээ байна. Сумынхан маань түүхт 90 жилийн ойгоо угтаж олон бүтээлч ажил хийжээ. ”Мөрөн сумын түүхэн товчоон” хэмээх сумынхаа алдартан гавьяатнууд, ард иргэд, түүхээ өгүүлсэн өнгөт сайхан том номыг хэвлүүлж, “Сумын хүндэт иргэн” гэсэн сайхан тэмдэг хийлгэж ард иргэддээ өргөн барьж байлаа.
Сумын төвд байдаг сумын захиргааны байшин, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, мал эмнэлэг, зочид буудал, шатахуун түгээх газар, цахилгаан түгээх газар гээд хэдхэн албан байгууллага маань ажил үүргээ гүйцэтгэсэн хэвээр аж. Сум маань мянганы зам болон өндөр хүчдэлд холбогдож хөгжлийн замдаа оржээ. Нийслэл хот хүртэл асфальтан замаар хэдхэн цаг давхиад хүрэх аж. Сумын сургуулийн биеийн тамирын шинэхэн том танхимд сумын 90 жилийн ойн баярын хурал болж төр засаг, аймаг, сумын шагнал, одон медалийг иргэддээ гардуулж, нутгийн хүмүүс сумандаа хандиваа өргөлөө. Би ч гэсэн сумандаа өөрийн бичсэн “Гэгээрэл” хэмээх шинэхэн номоо өргөн барилаа. Хурлын дараа сумын залуучуудын баярын концерт сайхан боллоо. Хурлын дараа нутгийнхаа ахмад буурлууд, үе тэнгийн найз нөхөдтэй уулзаж хуучлахад сайхан байлаа.
Маргааш нь сумын наадам эхэллээ.Сумын наадмын талбайд хагас гэр хэлбэртэй тооно, баганатай, үзэмж хийц гоё, хоёр давхар сайхан асар шинээр барьж босгожээ.
Сумын Засаг дарга наадмыг нээж, зочид гийчиддээ баяр хүргэж сумын төвийн албан байгууллагын албан хаагчид жагсаж, есөн хөлт цагаан сүлдээ шарга морьтон залуус залж их нас гарч, түмэн эх эгшиглэж, бөхчүүд дэвэн дэвсээр гарч сумын наадам эхэллээ.
Сумын наадам. Энэ л сайхан наадмыг би хүүхэд байхдаа сэтгэл догдлон хүлээж морин дэл дээр салхи татуулан хурдалж ямар морь түрүүлдэг бол? хэн гэдэг бөх түрүүлэх бол? хэмээн тааварладаг байсан.Сумын наадмыг айраг, хуушуур хоёргүйгээр төсөөлөхийн аргагүй. Одоо ч гэсэн нутгийн маань чимчигнэсэн айраг, амтат том хуушуур нь чанараа алдаагүй хэвээрээ байна лээ. Сумын наадам дээр ангийн андууд хийгээд ачит багштайгаа уулзлаа. Ангийн багш минь нас дарсан ч гэсэн сэвхийтэл алхсан хэвээрээ, сэргэлэн цовоо хэвээрээ ажээ. Ангийн андууд минь урьдын адил инээж цалгисан, алиа хошин зан нь хэвээрээ нь сэтгэлд нэг л дотно. Энд тэндгүй ангийн уулзалтууд болж сургууль төгсөлтийн ой хэмээн нижгэр тэмдэглэх аж. Энэ бол монгол наадмын дурсгалт мөч.
Манай сумынхан бол малчин бүр уяач болдог газар. Наадмаар нэг насанд зуу гаруй хурдан хүлэг уралддаг хурдан морьдын өлгий нутаг. Эртнээс хурдан хүлгээрээ алдартай.
19 дүгээр зууны эхэнд Халх даяар алдаршиж байсан Богдын хээр алаг морь бол Сэцэн хан аймгийн Сэцэн ханы хошуу буюу одооны Мөрөн сумын Хэрээ Хөхөлийн унага байсан бөгөөд долоон хошуу даншиг наадамд долоон удаа түрүүлсэн, хоёр удаа аман хүзүүдсэн олон түмэндээ “Түмний эх хээр алаг морь” хэмээн өргөмжлөгдсөн түүхтэй. Сүүлийн жаранд манай сумаас олон алдарт уяач төрж улс, аймаг, сумандаа олон удаа түрүү, айраг авч байлаа.
Наадам ид дундаа орж үдийн нар голлох үед би нилээд халууцаж эхлэв. Нэн даруй Мөрөн голынхоо эрэг дээр давхин очиж голд орж нов ногоон зүлгэн дээр нь хөл нүцгэн алхахад бие хөнгөрөөд дахин төрсөн мэт болно. Нутгаа эргэн тойрон харахад дэнж дээр айлууд сувд асгасан мэт торойн харагдаж, уяан дээрхи морьд дүүхэлзэн янцгааж, тал хөндий дүүрэн цэцэгс алаглаж, мал сүрэг тайван бэлчэж, сэвэлзүүр зөөлөн салхи хацрыг илбэж, орчин тойрон нам гүмхэн амар амгалан. Төрөлх нутаг минь газрын диваажин ажээ. Наадам, хурдан морь, айраг, анд найзууд, ахмад буурлууд… гээд нутаг усны минь баяр тал дүүрэн цалгиж байна, тэнгэр тултал цууриатаж байна.
Хурдан морьдын тоос, хүүхдийн гийнгоо, цолоо дуудуулсан бөх, айрагдсан морьд, шинэхэн дээл, дэлийг нь зассан морьдоороо гоёсон наадамчид…
Сумын наадам ямар сайхан болж байна вэ. Хүүхэд насны минь дурдатгал сэтгэлд минь тодхон дурайна. Ээжийнхээ гараас хөтлөн сумынхаа наадам үзэж байсан хүүхэд нас минь өчигдөр мэт тодхон санагдана. Нагац ахынхаа наадамд уясан хурдан морьдийг даган морин дэл дээр салхи дэврүүлэн давхиж явсан минь саяхан мэт санагдана.
Нутгийнхаа чимчигнэсэн айраг ууж, шагай харваж, үе тэнгийн хүүхдүүдтэй Мөрөн голынхоо зүлгэн дээр барилдаж, голын усанд шумбаж өссөн хүүхэд нас минь буцаад ирсэн мэт санагдана.
Цагийн уртад бүдгэрдэггүй, улам тодордог, дэнж хотойтол нааддаг дэлхийд ганцхан монгол наадам минь юутай сайхан.
Сумын наадам. Миний наадам. Таны наадам. Төрийн наадам. Түмний наадам
Хуульч, сэтгүүлч Доржийн СҮХБААТАР