Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Монгол улсын орчин үеийн худалдааны салбарын анхдагч, Үндэсний ууган сүлжээ дэлгүүр болох “Миний дэлгүүр”-ийн үүсгэн байгуулагч Сэрээнэндагва овогтой Сэргэлэн “Худалдааны гавяат ажилтан” цол тэмдгээр шагнууллаа.
Түүний 1992 онд үүсгэн байгуулсан “Монхангай групп” нь өдгөө Жижиглэн болон бөөний худалдаа, гадаад худалдаа, хүнсний үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгө, барилга, мэдээлэл технологи зэрэг чиглэлээр тэлжээ. Үүний нэг МИНИЙ сүлжээ дэлгүүр нь 1000 гаруй ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас улсын төсөвт төвлөрүүлсэн нийт татвар, борлуулалт, ажилчдын тоо, санхүүгийн үзүүлэлт буюу нийгэм, эдийн засаг, бизнесийн салбарт үзүүлсэн амжилтыг үндэслэн шалгаруулдаг “Топ -100 аж ахуйн нэгж”-ээр 2008-с хойш өнөөг хүртэл тасралтгүй шалгаран ирсэн.
Уламжлалт лангууны арын үйлчилгээтэй дэлгүүрээс орчин үеийн тав тухтай өөрөө өөртөө үйлчлэх дэлгүүртэй, олон улсын жишигт нийцсэн Монгол улсын худалдааны салбарын хөгжлийн түүх С.Сэргэлэнгийн хичээл зүтгэл, хөдөлмөртэй салшгүй холбоотой билээ. Түүний худалдааны салбарт оруулсан хувь нэмрээс дурдвал:
- 90-ээд оны зах зээлийн шилжилтийн үеэр улсын цөөн тооны томоохон үйлдвэрүүдийн хажуугаар дотоодын анхны жижиг дунд үйлдвэрлэгч нарыг гарч ирэхэд нь сургалт, чиглүүлэг, санхүүжилт, бараа түгээлт болон борлуулалтын сувгуудаар хөхүүлэн дэмжиж өгснөөр өнөөдрийн амжилттай ажиллаж байгаа үндэсний томоохон олон аж ахуйн нэгжүүдийн суурийг тавилцаж, хөгжилд нь хувь нэмэр оруулсан байдаг.
- Худалдааны салбарын үйл ажиллагааны бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дотоодын үйлдвэрлэгч нарын килограммын барааг баркодны системд оруулах ажлыг манлайлан хэрэгжүүлсэн.
- Монголын худалдааны салбарт бараа, бүтээгдэхүүний бар кодыг анх нэвтрүүлснээр бараа тус бүрийг кодтой болгож, уг кодоо төхөөрөмжид таниулах, цаг хэмнэсэн, шуурхай аргыг манлайлан хэрэгжүүлснээр салбарын бүтээмжийг дорвитой нэмэгдүүлсэн.
- Монголд анх удаа Үндэсний брэндийн Франчайзинг сүлжээний загварыг 2002 онд жижиглэн худалдааны салбарт нэвтрүүлж байсан.
- Үйлдвэрлэгчээс хэрэглэгчийн гарт бараа очих хүртэлх бүхий л процессуудыг нэгтгэдэг дотоодын анхны infinity ERP мэдээллийн системийг 2008 онд бүтээснээр олон салбар нэгжүүдийн үйл ажиллагаа өндөр үр ашиг, уялдаа холбоотойгоор явах боломжийг бүрдүүлсэн.
- Мянга мянган нэр төрлийн барааг бизнесийн түвшинд системтэйгээр удирдаж худалдан авагчийн эрэлт, зах зээлийн нийлүүлэлтийг зөв уялдуулан үнэ цэнийг бүтээх зорилгоор Категори менежментийг худалдааны салбарт анхлан нэвтрүүлсэн.
- Монголдоо анхны ТНТ (“Түгээлтийн нэгдсэн төв”)-г байгуулж үйлдвэрлэгчийн бараа бүтээгдэхүүнийг нэг цэг дээр зөв тоогоор, зөв цагт нь системийн алгоритмуудыг ашиглан төвлөрүүлэн түгээснээр худалдан авагчийн гар дээр очих барааны үнийг бууруулсан.
- Ард иргэдийн төдийлөн хэрэглэж чаддаггүй, зах зээлд ховор байсан жимс жимсгэнэ, нарийн ногоог үйлдвэрлэгч орнуудаас нь татан авч хэрэглэгчдэд хүнсний боловсролыг олгож байнгын хэрэглээ болох эхлэлийг тавьж байсан
Компанидаа өдгөө “Зөвлөх” хэмээн хүндлэгддэг тэр бээр хамтрагч нартаа “Та зүрх сэтгэлээ зориулах тусам тэлнэ. Харамлах тусам ширгэнэ” гэж цаг ямагт хэлж сургаж иржээ. “Зөвлөх” бусдыг сургах, хөгжүүлэх, харах өнцгийг нь тэлэхийн тулд зүрх сэтгэлээ харамгүй зориулж ирсэн. С.Сэргэлэнгийн бизнесийн ухаан, ёс зүй, философиос суралцан түүний удирдлага дор ажиллаж байсан үе үеийн олон залуус одоо Монгол улсынхаа бизнесийн олон салбарт манлайлан хувь нэмрээ оруулан амжилттай ажиллаж, татвар төлөгч болсон байна. С.Сэргэлэн нь захирлууддаа ганцхан зүйлийг захидаг. “Алдаа гаргахаас айж болохгүй. Гэхдээ мухар нүхэнд орж болохгүй”. Мухар нүх гэдэг нь эхэндээ ашигтай юм шиг явж байснаа цаашаагаа явахаа болино гэсэн үг аж. Хамгийн гол нь алдаан дээрээ суралцах хэрэгтэй.
Түүний бий болгосон байгууллагын соёл, гаргасан зам нь МИНИЙ дэлгүүрийн ирээдүйг бүтээлцэж буй залуусын алсын харааг тодорхойлдог байна. “Түмэн олныхоо өдөр тутмын амьдралыг баяжуулах” эрхэм зорилгынхоо хүрээнд хэрэглэгчдэд хүрэх бараа бүтээгдэхүүний үнийг улам буулгахын төлөө ажиллаж байна. Үүний тулд үйл ажиллагааны бүтээмжийг нэмэгдүүлж бараа менежментийн оновчтой хэлбэрүүдийг хэрэгжүүлэн Монгол улсдаа анхны Дискаунтер буюу хэмнэлттэй форматын сүлжээг хот, хөдөө орон нутгаар эрчимтэй хөгжүүлж байна.
С.Сэргэлэн өдгөө өөрийн үүсгэн байгуулсан “Сэргэлэн интернэйшнл экспедишн” ТББ-ын хүрээнд эх хэл дээрх түүхэн эх сурвалжуудыг тайлах замаар үндэсний ой санамжийг сэрээхэд чухал ач холбогдолтой судалгааны төслүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Түүний судалгааны ажлуудтай www.sergelen.org цахим хаягаар танилцаж болно.