МХЕГ-ын улсын ахлах байцаагч Г.Батсүрэн “Одоогоор 1,180 аж ахуйн нэгж, иргэний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийн, 802 зөрчлийг илрүүлснээс 65 хувийг нь газар дээр арилгууллаа. Үүний зэрэгцээ нийт 100 заалт бүхий 45 шаардлага өгсөн.
Мөн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах зорилгоор 354 нэрийн бүтээгдэхүүнээс сорьц авч шинжилж байна. Одоогоор эерэг илэрсэн сорьц байхгүй” гэлээ.
Харин баяр наадмын үеэр мэргэжлийн хяналтын байгууллага хэрхэн ажиллах тухайд тэрбээр “Баяр наадмын үеэр үйлчилгээ эрхлэх 785 аж ахуйн нэгжид аймаг, нийслэл, дүүргийн хэмжээнд сургалт зохион байгууллаа. Түүнчлэн долдугаар сарын 11-13-нд хариуцлагатай жижүүр томилон ажиллах юм. Нийслэлд 70128012 утсанд дуудлага мэдээлэл авна.
Нийслэлийн хэмжээнд Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоо худалдаа, үйлчилгээ эрхлэхээр 725 аж ахуйн нэгж зөвшөөрөл авсан. Эдгээр байгууллагад тавигдах шаардлагуудыг хүргүүлээд байна” гэсэн юм.