Япон улсын ерөнхий сайд асан Абе Шинзо өнөөдөр тус улсын баруун бүс нутагт сонгуулийн үйл ажиллагаанд оролцож байхдаа буудуулж, эмнэлэгт хүргэгдсэн тухай NHK суваг мэдээллээ.
Гэрчүүдийн мэдээлснээр Нара хотод болсон арга хэмжээний үеэр буун дуу хоёр удаа сонсогдсон байна. Абе энэ үед Ням гарагт санал хураалт нь болох парламентын дээд танхимын сонгуулийн үйл ажиллагаанд оролцож, намынхаа нэр дэвшигчийг дэмжсэн үг хэлж байжээ. Буун дуу гарсны дараа экс ерөнхий сайд газарт унаж, эмнэлэгт хүргэгдэхдээ ухаангүй байсан тухай мэдээлж байна.
Японы засгийн газар энэ талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна. Одоо 67 настай Абе нь Япон улсын түүхэнд хамгийн удаан хугацаанд ерөнхий сайдаар ажилласан эрхэм юм. Тэрбээр эхлээд 2006-2007 онд, дараа нь 2012-2020 онд энэ албан тушаалыг хашиж байжээ. 2020 онд Абе Шинзо эрүүл мэндийн шалтгаанаар албан тушаалаасаа огцорч байв.