Барилга хот байгуулалтын яамнаас төсөвт өртөг нь нэмэгдсэн барилгуудын магадлалын талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн “УИХ-аас 2022 оны улсын төсвийг батлахад дагалдан гарсан тогтоолоор үнийн өсөлтийн индексийг батлах, үнийн өсөлтийг тооцож, төсөвт өртгийн өөрчлөлтийн талаар санал боловсруулж танилцуулахыг үүргийг Засгийн газарт өгсөн. Энэ дагуу Барилга хот байгуулалтын яаманд бусад яамдын болон бусад байгууллагуудын оролцоотой ажлын хэсэг ажилласан. Бид хоёр хоногийн өмнө үнийн өөрчлөлтийн асуудлаар УИХ-д танилцуулга хийлээ.
Үнийн өсөлт тооцогдоогүй үлдсэн төсөл, арга хэмжээнүүдийг богино хугацаанд дахин авч үзэж, танилцуулах чиглэл авсан. Нийт 1100 гаруй төсөл, арга хэмжээнүүд үргэлжилж байна. Тэдгээрийн 534 төсөл, арга хэмжээний үнийн өсөлтийг тооцож УИХ-ын төсвийн байнгын хороонд танилцуулсан. Үүнд 274 тэрбум төгрөг нэмэлт шаардлагатайг танилцуулсан.
314 төсөл, арга хэмжээ үнийн өөрчлөлтийн магадлалд хамрагдаагүй үлдсэн. Энэ нь тухайн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэгч компанийн хариуцлагын асуудал. Мөн цаг хугацаа нь амжаагүй байж магадгүй.
Барилгын материалын үнийн өөрчлөлтийн магадлалд хамрагдаагүй ААН-ийг наймдугаар сарын 1-н хүртэл дахин бүртгэх бололцоотой болсон. Иймээс хамрагдаж амжаагүй ААН-үүд уг боломжийг ашиглаж БХБЯ-ны холбогдох газруудад хандахыг хүсье.
Төсвийн байнгын хорооноос 314 төсөл, арга хэмжээг дахин авч үзэх чиглэл өгсөн. Энэ дагуу барилгын материалын үнийн өөрчлөлтийн магадлалд хамрагдаагүй ААН-ийг наймдугаар сарын 1-н хүртэл дахин бүртгэх бололцоотой болсон.
Иймээс хамрагдаж амжаагүй ААН-үүд уг боломжийг ашиглаж БХБЯ-ны холбогдох газруудад хандахыг хүсье. Бид амралтын өдрүүдэд ч ажиллахаар төлөвлөөд байна.
Барилгын материалын үнэ багагүй өссөн. Наймдугаар сарын 25-нд 2023 оны улсын төсвийг тооцож Сангийн яаманд хүргүүлэх учиртай. Энэ хугацаанд амжиж бид үнийн өсөлтийг тооцох чиглэлтэйгээр ажиллаж байна” гэлээ.
Мөн тэрбээр “314 төслийн 40-50 хувь нь аймаг орон нутагт шалгаруулаад хянаж буй төслүүд байгаа. Зарим үлдсэн нь яамдынх байна. Өчигдөр ажлын хэсэг хуралдаж бүх яамд руу чиглэл чиглэлээр холбогдож хүсэлтээ өгөхийг сануулсан.
Үнийн өсөлт 2021 оноос эхэлсэн. Тиймээс 2021 оны нэгдүгээр сараас хойших бүх ажилд үнийн өсөлтийг тооцож гаргаж байгаа. Аль болох бүх талын судалгааг гаргасан. Нийтдээ 800 гаруй барилгын материалын нэр төрлийг гаргаж, гурван эх сурвалжаас үнийн өсөлтийг тооцож дундаж өсөлтийг гаргасан. Ингээд барилгын материалын төсөвт өртөгт нөлөөлж буй өөрчлөлтийг тооцсон. Цаашдаа гарах өөрчлөлтийг авч үзэх бололцоогүй. Энэ нь үнийн индексээр тооцогдох болно” гэдгийг онцоллоо.