Зам, тээврийн хөгжлийн сайдын ээлжит шуурхай хурал өнөөдөр /2022.07.06/ боллоо.
Тус хурлаар 2022 оны эхний хагас жилийн хугацаанд сайдын шуурхай хурлаар өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлт, Улсын их баяр наадмын амралтаар харьяа газар, нэгжүүд хэрхэн ажиллах талаар хэлэлцэв.
Хурлын эхэнд Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Болор-Эрдэнэ 2022 оны эхний хагас жилд болсон 11 удаагийн шуурхай хуралдаанаас өгөгдсөн 245 үүрэг, даалгаврын биелэлтийг товч танилцууллаа.
Өгөгдсөн үүрэг, даалгаврын биелэлт бүрэн хэрэгжихэд тулгарч буй бэрхшээл, шаардлагатай арга хэмжээний талаар хэлэлцсэний дараа Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар дараах үүргийг өглөө.
- Монголын төмөр зам ТӨХК зүүн болон баруун босоо төмөр замын шалгаруулалтыг дэд сайдтай хэлэлцэж эцэслэн шийдвэрлэхийг,
- Нислэгийн аюулгүй байдалд онцгойлон анхаарч, дамжин нисэж байгаа зорчигчдод үүсэж буй зарим хүндрэлийг яаралтай шийдэж, иргэдэд шаардлагатай мэдээ, мэдээллийг тогтмол, шуурхай хүргэх үүргийг МИАТ ТӨХК-д
- Баяр наадмын амралтын үеэр нислэгийн аюулгүй байдал, шатахууны хангамж, Буянт Ухаа нисэх онгоцны буудал дахь хил, гаалийн хяналт, иргэдийн үйлчилгээний бэлэн байдалд онцгойлон анхаарахыг Иргэний нисэхийн ерөнхий газарт,
- Үер, усны аюулаас сэрэмжлэх үүднээс тогтмол эргүүл гаргаж, хөдөлгөөний аюулгүй байдалд анхаарах, галт тэрэг солилцоонд хяналт тавих, гаднаас ирж байгаа чингэлгийн ачилт буулгалтыг тодорхой хуваарь гаргаж ажиллахыг Улаанбаатар төмөр зам ХНН-д
- Авто замын бэлэн байдалд анхаарах, АЗЗА компаниудад жижүүр гарган бэлэн байлгах, жижүүрийн хуваариа яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар ирүүлэхийг АЗБХЗГ-т,
Мөн Улсын их баяр наадмын үеэр яамны газар хэлтсийн дарга нар, харьяа газрын удирдлагууд гар утсаа тогтмол нээлттэй байлгаж, шаардлагатай үед бэлэн ажиллахыг анхааруулав.