Хэрлэн голд нэг иргэн живж, амь насаа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарчээ.
Нийслэлийн Багануур дүүргийн дөрөвдүгээр хороо, Долдугаар худаг гэдэг газарт гэр бүлийн 20 хүн аялж явснаас нэг том хүн Хэрлэн голын усанд орж байгаад живсэн тухай дуудлагыг өчигдрийн 08:05 цагт онцгой байдлын албаныхан хүлээн авсан байна.
Улмаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 21 км замыг туулан 08:48 цагт очиж Багануур дүүргийн харьяат иргэнийг Хэрлэн голын усаар 30 км завиар урсаж, найман удаа шумбаж, голын эргээр 26 км явганаар болон автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.
Тухайн өдрийн 19:30 цагт анх осолдсон газраас зүүн зүгт 15 км зайд Төв аймгийн Баяндэлгэр сумын Мэлз хайрхан гэдэг газраас цогцсыг олж гарган Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагчид 20:40 цагт шилжүүлэн өгсөн байна.
Амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд та бүхэн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ:
- гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх,
- бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
- голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх,
- аян замд явахдаа сайн мэдэхгүй гол мөрний усанд орохгүй байх,
- тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.