Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ, Засгийн газрын зарим гишүүдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод ажиллаж иргэдтэй уулзлаа. Засгийн газрын үйл ажиллагаа, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилтууд, дэлхий нийтийг хамарсан цар тахал, ОХУ-Украйны дайн, үүнээс үүдэн дэлхий дахинд үүсэж буй хүнсний хомсдол, үнийн өсөлт, манай улсад ирж буй нөлөө, авч буй арга хэмжээ, улс орны эдийн засгийн нөхцөл байдлыг дэлгэрэнгүй танилцууллаа. Сүхбаатар аймаг үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойн босгон дээр Монгол Улсын Ерөнхий сайд ирж, Сүхбаатарчуудын олон жилийн мөрөөдөл болсон Бичигт боомтыг төмөр замаар холбож, далайд гарах гарц нээх томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлсэнд нутгийн иргэд талархаж буйгаа илэрхийлж байв.
Монгол Улсын Их хурлаас баталж, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-оор улс орны хөгжлийг хязгаарлагч зургаан хүчин зүйлийг шийдвэрлэх зорилт тавьж буйгаас гадна, цар тахал, дэлхий дахины нөхцөл байдлаас үүссэн хүндрэлийг даван туулахад нэн шаардлагатай, цаг үеэ олсон бодлого болохыг цаг хугацаа нотолж буйг Ерөнхий сайд хэлсэн үгэндээ онцоллоо. Тухайлбал, цар тахал, дайнаас үүдэлтэй хил гааль, тээвэр логистик, үнийн өсөлт зэрэг нь Монгол Улс экспортын олон гарцтай байх, боомтуудаа авто болон төмөр замаар холбож, хүчин чадлыг нь нэмэх шаардлагатай гэдгийг улам илүү мэдрүүлсэн. Тиймээс Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлогод Боомтын сэргэлтийн багц ажлыг тусгаж эрчимтэй хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн Зүүн босоо чиглэлийн төмөр зам, Бичигт боомтыг олон улсын жишигт хүргэх бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн нь үүний нэг хэсэг юм. Энд 5-8 мянган ажлын байр бий болж, далайд хүрэх экспортын шинэ гарц нээгдэх зэргээр Сүхбаатар гэлтгүй зүүн аймгуудад эдийн засгийн томоохон сэргэлт авчрах ач холбогдолтой гэлээ.
Сүхбаатар аймаг 65,1 мянган хүн амтай, 2021 оны жилийн эцсээр 4,2 сая толгой мал тоолуулжээ. Мал аж ахуй, аялал жуулчлал, уул уурхай түшиглэн хөгжиж ирсэн тус аймгийн хувьд аялал жуулчлалын гол үзмэрүүдийн нэг болох угсаатны зүйн музейн шинэ байртай болох, уул уурхайгаас үүдэлтэй ус, бэлчээрийн асуудал зэрэг анхаарах асуудлууд байгааг иргэд хэлэв. Мөн бараа бүтээгдэхүүн, бензин шатахууны үнийн өсөлт, төрийн тусгай болон захиргааны албан тушаалтнуудын цалин хөлсийг нэмэх, малын гаралтай түүхий эдийг боловсруулах зэрэг сүүлийн үед улс орны хэмжээнд тулгамдсан асуудлуудыг ч онцолж байлаа.
Засгийн газраас аймаг орон нутгийг хөгжүүлэхэд иргэдийн оролцоог хангахад онцгой анхаарч, саналыг нь сонсож буй. Сүхбаатарын аймгийн иргэд Дулааны станцын өргөтгөлийн гадна шугам сүлжээ, 2-р хэлхээний өргөтгөл, ДДТ-8,9 хөрөнгийг шийдвэрлэх, аймгийн цахилгаан эрчим хүчний дэд станцын өргөтгөлийг барих, “Дарьганга” хүүхдийн зусланг барьж дуусгах, хилийн зурвас дотор Бичигт боомтод 200-250 га газар олгох эрхийг орон нутагт олгох, Баруун-Урт-Сүхбаатар сум чиглэлийн 61,9 км хатуу хучилттай авто зам барих зэрэг таван ажлыг нэн тэргүүнд хийж гүйцэтгэх шаардлагатай гэж үзсэн бөгөөд Засгийн газар анхаарч ажиллахаар боллоо.
Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сүхбаатар аймгийн залуустай уулзсан юм. Тус аймаг 30 гаруй мянган залуустай. Орон нутагт залуус ажиллаж, амьдрах сонирхол нэмэгдэж байгаа ч ажлын байр, цалин урамшуулал, мэдлэгээ ахиулах, мэргэжлээ дээшлүүлэх, бизнес эрхлэх боломж хомс байгааг залуус Ерөнхий сайдад хандан хэлж байлаа. Засгийн газар хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангахын тулд орон нутагт ажиллаж, амьдрах санаачилгыг дэмжих, төрийн албан хаагчдын цалин хөлсийг орон нутагт нэн тэргүүнд нэмэх, ажиллаж, амьдрах таатай боломжийг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллах бодлого барьж байгааг Ерөнхий сайд танилцуулж, улс орны ойрын ирээдүйн төлөв, хэрэгжүүлж буй бодлого арга хэмжээний талаар илэн далангүй ярилцлаа.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар