Хуулийн төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан.
Тэрбээр танилцуулгадаа, Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход бодитой дэмжлэг үзүүлсэн, хохирлоо нөхөн төлсөн, эсхүл хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг үйл баримтын болон эрх зүйн маргаан бүхий ердийн журмаар хянан шийдвэрлэх хэргээс ялгамжтайгаар хөнгөрүүлж тогтоох, мөрдөн шалгах болон шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг илүү хялбарчлах шаардлагатай талаар хуулийг хэрэгжүүлэгч байгууллагууд саналыг үндэслэн Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд холбогдох өөрчлөлтийг хийсэн. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг шуурхай явуулах, хохирогчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн эдлүүлэх зорилтыг хангах үүднээс мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдыг дуудан ирүүлэх болон албадан ирүүлэх эрхийг нэмсэн гэдгийг дурдлаа.
Эрүүгийн хэргийн нотлох баримт бүрдүүлэх ажиллагааны 60-70 хувийг мэдүүлэг авах ажиллагаа эзэлдэг бөгөөд хэргийг шуурхай шалгаж шийдвэрлэх ялангуяа цар тахал, онц байдал зарласан үед иргэдээс мэдүүлэг авахад хүндрэл учирч улмаар хэргийн шалгалтын ажиллагаа удааширч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шуурхай байх зорилт хангагдахгүй байгаатай холбогдуулан зайлшгүй тохиолдолд мөрдөгч техник технологийн дэвшлийг ашиглан цахим хэлбэрээр хэргийн оролцогч нараас мэдүүлэг авах, авсан мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх зохицуулалтыг тусгасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг шуурхай хангахад мөрдөгч, прокурор, шүүхийн үйл ажиллагаа тасралтгүй явагдаж байж хангах боломж бүрдэнэ. Энэ нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд шуурхай шийдвэр гаргах гаргах нөхцөлийг бүрдүүлэх, хууль зүйн чухал учир холбогдолтой. Ийм учраас “тодорхой үйл ажиллагаа явуулах”, “албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх”, “хязгаарлалт тогтоох, цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвийн хэрэгжүүлэхэд 24 цагаар жижүүрлэн ажиллах шүүхийн зохион байгуулалтын талаар хуульчлан тогтоосон. Мөн Яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлэх нь хуулийн этгээдийн бизнесийн хэвийн үйл ажиллагааг саад учруулахад хүргэж, улмаар энэ нь хуулийн этгээд, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг зөрчихөд хүргэдэг тул эдгээрийн эрх ашгийг хамгаалах үүднээс эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгагдаж байгаа хуулийн этгээдийн үйл ажиллагааг нэн тэргүүнд зогсоох, саад учруулахгүй байх зохицуулалтыг тусгалаа гэв.
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаараа явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан танилцуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 54.5 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг онцолсон.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжээгүй учир төслийг хууль санаачлагчид буцаав.
Үргэлжлүүлэн “Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.
Монгол Улсын Их Хурлын “Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох” үүрэг бүхий түр хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг нэмэхээр тусгасан тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороо 06 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэн дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр танилцуулав.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг батлахыг дэмжсэнгүй.