Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Налайх, Багануур дүүргийн баяр наадмын худалдаа, үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд НМХГ-аас давхардсан тоогоор нийт 243 улсын /ахлах/ байцаагч, албан хаагчид хяналт, шалгалт тавьж ажиллана.
НМХГ-ын даргын баталсан төлөвлөгөөний дагуу баяр наадмын бэлтгэл ажлыг хангах хүрээнд Төв Цэнгэлдэх, Хүй долоо худагт байрлах худгийн ундны усны чанар, аюулгүй байдалд шинжилгээтэй хяналт хийж, худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгогдож мандат авсан аж ахуйн нэгжүүдэд сургалт зохион байгуулж, зөвлөмж тараана.
Мөн Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худагт явуулын болон түр лабораторит газар дээр нь шинжилгээ хийхээр бэлдээд байна.
Иргэдэдээ анхааруулахад баяр наадмын үеэр зөвшөөрөлгүйгээр худалдаа, үйлчилгээ эрхлэхийг хориглох бөгөөд наадамчин та бүхэн зөвшөөрөлтэй байршилд, зөвшөөрөлтэй үйл ажилагаа эрхлэж буй газраар үйлчлүүлж, өөрийн болон гэр бүлээ хоол хүнсээр дамжих хордлогот халдвар болон халдварт өвчинд өртөх эрсдэлээс сэргийлэхийг мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөж байна.