Боловсролын салбарын цахим шилжилт, төсөв, санхүүгийн шинэчлэлийн хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яам Хаан, Хас, Голомт, Худалдаа хөгжил, Богд, Төрийн банкуудтай хамтарч ажиллах санамж бичиг байгуулсан.
Багш нарын нийгмийн баталгааг дэмжих зорилгоор дээрх арилжааны банкуудтай хамтарч “Багш” картыг хэрэглээнд нэвтрүүлж эхлээд байгаа юм.
Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр өнөөдөр санамж бичиг байгуулсан арилжааны банкуудын төлөөлөлтэй уулзлаа. Тэд уулзалтын эхэнд “Багш” картын хэрэглээ, хүртээмжийг нэмэгдүүлэх, энэ чиглэлд багш, ажилтнуудад картын мэдээллийг хүргэх ажлуудыг зохион байгуулах шаардлагатай талаар харилцан ярилцав.
Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний хүрээнд хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэд өөрийн хөрөнгөөр цэцэрлэгийн барилга барихад хөнгөлөлттэй зээл олгох, дэмжлэг үзүүлэх боломж байгаа эсэхийг судалж үзэхийг арилжааны банкуудын төлөөллөөс хүслээ.
Банкуудын төлөөлөл цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх цогц арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, зээл гаргах боломжтой эсэх талаар судлахаар боллоо.
Цэцэрлэгийн зориулалтаар баригдсан, засаж тохижуулсан барилгыг төр худалдан авах, түрээслэх мөн цэцэрлэгийн барилга барихад хөнгөлөлттэй зээл олгох гэхчлэн олон арга замаар цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.