Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дээр ялалт байгууллаа. Tөрийн албан тушаалтаны иргэнд учруулсан гэм хорын хохирол барагдуулах миний хүсэлтийг шүүх дэмжлээ. Бүтэн нэг жил зургаан сар эрүүгиийн, зөрчлийн, иргэний хэргээр шүүх, цагдаа, прокурорын байгууллагаар явлаа. Эцэст нь “үнэн” яллаа. Үнэн ялдаг, үнэн хүчтэй, үнэнээс зугтах арга үгүй.
Яллагдагчаар татагдах тогтоол унших, мэдүүлэг өгөх гэж дуудагдах, шүүхийн танхимд шүүгчдийн шийдвэрийг хүлээн суух хором мөч бүхэнд хийсэн үйлдэлдээ харамсалгүй үнэн ялна гэдэгт итгэсээр ирсэн. Харин ганц тохиолдолд хийсэн үйлдэлдээ харамссан нь гэр бүл ойр дотны хүмүүсээ надаас болж зовж, шаналж байгааг харах тэр мөч.
Удахгүй мэс засалд орох гэж байгаа бие муутай ээжийг минь цагдаагийн алба хаагч дуудан ирүүлж мэдүүлэг авхад хөөрхий ээжид минь ямар хүнд цохилт байсан болдоо. Олон сар жил уулзаагүй хүү нь гадаадаас ирэхдээ хүнд өвчин тусаад эмнэлэгт байгаа, хүү чинь гэмт хэрэг хийсэн мэтээр айж уймарсан ээжээс минь баахан асууж байцаасан байхдаа гэж бодон, бодон сэтгэл харанхуйлдаг. Шүүх, цагдаагийн энэ үйл явц зөвхөн надад хүнд хэцүү санагдах боловч тэр үед миний ойр дотныхонд л хамгийн хүнд байсан даа.
Шударга амьтан болж попорч энд, тэнд худлаа орилж лайв хийх хүсэл сонирхол надад огт үгүй билээ. Үнэнээс зугтах аргагүй мөн үнэн хэзээд ялдаг гэдгийг мэддэг хүн бүхэн тухайн үед над шиг үйлдэл гаргах байсан бизээ. Үнэн өвтгөдөг, үнэн хүчтэй, үнэн ялдаг бас үнэнээс зугтах аргагаүй гэдэг. Эцэст нь нэг нүцгэн үнэн хэлхэд бид нар өөрсдөө худалч амьтад шүү дээ. Улс төрчөөс нэхдэг ёс зүйгээ өөрсдөөсөө нэг нэхээд үзээрэй, амьдарч буй хороо дүрэгт тань тулгамдсан асуудлын талаар төрийн байгууллагад бичгээр гомдол гаргаад хөөцөлдөөд нэг үзээрэй, жилд цөөхөн хийгддэг мэс заслын дараалалд эцэг эхээ оруулах гэж эмнэлгээр хөөцөлдөөд үзээрэй. Бид нар өөрсдөө асуудал дэвшүүлж чаддаг шигээ асуудлын шийдлийн нэг хэсэг болж амьдарч сурах хэрэгтэй. Надад хамаагүй гэж холдохгүй, асуудал дэвшүүлээд зогсохгүй би энэ асуудлыг шийдхэд хэрхэн яаж оролцож болох вэ гэдгийг бодоод үзээрэй. Өөр хэн нэгэнд найдаж шийдэл хүлээж суух бус өөрөө шийлийн нэг хэсэг болоорой.
Эрүүл мэнд, санхүү, цаг хугацаа, боломж гээд олон зүйлээ алдсан гэхдээ олон сайхан хүмүүстэй учирлаа. Өмгөөлөгч нартаа чин сэтгэлээсээ талархал илэрхиилье. Би өөрөө өөртөө эргэлзэх үед ч надад эргэлзээгүй тусалж дэмжсэнд баярлалаа гэж иргэн Мөнхбат өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ