Өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон бусад холбогдох албаныхан Дарханы замын бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь танилцав.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “ Өнөөдөр IV багц буюу Жанжин штабын хариуцсан ажлаас бусад нь сайжраагүй байна. Би та нартай ямар нэг байдлаар тоглоом тоглох гэж ирээгүй. Монгол Улсын Засгийн газар өгсөн мөнгө, санхүүжилтээрээ хариуцлага шаардах гэж ирж байна. Та нарыг шалгаруулсан албан тушаалтнуудыг АТГ өгч байгаа. Ажлын чинь гүйцэтгэлтэй холбоотой аудит оруулах саналыг Азийн хөгжлийн банкинд тавина. Харин танай компаниудтай холбоотой асуудлыг төв Засгийн газар чинь тавина.
Тийм учраас та нар авсан санхүүжилтээ гаргаад энэ ажлаа хийвэл хий, боливол боль. Болино гэвэл бичгээ өгөөд, зарцуулсан санхүүжилтийнхээ графикийг хэрхэн гаргах Ажлын хэсэг байгуулаад энэ ажлаас гарч болно. Энийг бүтээн байгуулалтыг үндэсний ААН-үүд хийх боломжтой. Тэгэхээр тодорхой асуудлуудаа компани тус бүр нэг нэгээрээ яг одоо хэл” гэлээ.
Засгийн газраас 2018 онд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ бүхий хатуу хучилттай авто зам болгон өргөтгөн шинэчлэх шийдвэр гарсан билээ. Энэ дагуу одоо ашиглагдаж буй хоёр эгнээ хуучин авто замыг Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр өргөтгөн шинэчилж, Европын Сэргээн Босголт Хөрөнгө, Оруулалтын Банкны санхүүжилтээр шинээр нэмж хоёр эгнээ авто зам барьж буй юм. Төлөвлөгөө ёсоор тус зам 2019 онд ашиглалтад орох байсан. Гэвч цар тахлын улмаас хойшлоод өнөө хүрсэн билээ.