ШУА, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Авид, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд нар өнөөдөр /2022.06.30/ үзэглэлээ.
Энэхүү санамж бичгийн зорилго нь Шинжлэх ухааны байгууллага, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын бүтээлч хамтын ажиллагааг өргөжүүлэх, Улаанбаатар хотын хөгжлийн тулгамдсан асуудлаар хурал, семинар зохион байгуулах, нийслэлийн нутаг дэвсгэрийн ус, хөрс, агаарын бохирдлыг бууруулах зэрэг нийгэмд тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахад оршиж байгаа юм.
Хамтын ажиллагааг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсанаар эхний ээлжинд Улаанбаатар хотын агаар дахь микро элементийн судалгаа, Хөрсний бохирдлыг бууруулах судалгаа, Автомашинаас ялгарах агаарын бохирдлыг органик шингээгч ашиглаж тодорхойлох, Улаанбаатар хотын суурьшлын бүсэд үүсдэг халиануудын үүсэл, тархалт, сөрөг нөлөөг тодорхойлох, халиаг ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэхэд ашиглах үндэслэл боловсруулах, Хамтын ажиллагааны үр дүнд бий болсон үр дүнгүүдээр хурал зохион байгуулах зэрэг ажлууд багтжээ.
Талууд дараах чиглэлээр хамтран ажиллана. Үүнд:
- Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарцыг тодорхойлох, нийслэлийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын томоохон төслүүдэд шинжлэх ухааны үндэслэлтэй бодлого боловсруулахад хамтран оролцох, тухайн жилд хийгдэх судалгаа, шинжилгээний ажлын төлөвлөгөөний төсөлд нутгийн захиргааны байгууллагуудаас санал авах, батлагдсан төлөвлөгөөг эргэж танилцуулах;
- Агаар, орчны бохирдлыг бууруулах талаар судалгаа шинжилгээнд түшиглэсэн арга зүйн дэмжлэг үзүүлэх, байгаль орчны чиглэлээр хийгдсэн судалгаа, шинжилгээний ажлын үр дүн, тайлан мэдээг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад нээлттэй, үнэ төлбөргүй хуваалцах;
- Хотын тулгамдсан асуудлаар сургалт семинар зохион байгуулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд эрдэм шинжилгээний байгууллагуудыг өргөнөөр татан оролцуулах, хамтран ажиллах;
- Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлоход эрдэмтэн судлаачдын оролцох нөхцөл боломжийг хангах;
- Шинжлэх ухааны академи, харьяа хүрээлэнгүүдэд тодорхой чиглэлээр төсөл захиалж хэрэгжүүлэх;
Хотын хүрээлэн буй орчны асуудлаар хурал, сургалт семинар зохион байгуулах,