Засгийн газрын өчигдрийн хуралдаанд Соёлын сайд Ч.Номин “Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулахад онцгой гавьяа байгуулсан иргэн, баг, хамтлагт Ерөнхий сайдын нэрэмжит шагнал олгох журам”-ыг танилцуулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Ингэснээр төрийн тодорхой туслалцаа дэмжлэггүйгээр, өөрийн хүч чармайлтаар Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулахад онцгой гавьяа байгуулсан соёл урлаг, спорт, шинжлэх ухааны салбарт харьяалагдах иргэн, баг, хамтлагт Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг журамд үндэслэн олгохоор болж байна.
Журамд зааснаар, өөрийн хүч чармайлтаар Монгол Улсын олон улсад сурталчлан таниулсан байх, соёл, спорт, шинжлэх ухааны амжилт, үр дүн гаргасан, тус үр дүнгээр Засгийн газраас баталсан салбарын шагнал аваагүй байх, өөрийн санаачилгаар соёл, спорт, шинжлэх ухааны амжилт, үр дүнгээ сурталчлах, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр дотоод, гадаадад арга хэмжээнд оролцсон байх, Монгол Улсын эдийн засаг, нийгэмд бодитой үр ашиг өгөх эсхүл хүүхэд, залуучууд, хойч үедээ үлгэр дуурайлал болсон байх зэрэг шаардлага тавигдаж байгаа юм.