Монголын хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч нар хамтран Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны энэ оны гуравдугаар сарын 09-ний өдрийн “Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглэх талаар албан ёсны тайлбар” гаргах тухай 11 дүгээр тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэж мэдэгдэв. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” хэмээн заасан байдаг байна.
Хуульч Б.Баяраа “2020 оны нэгдүгээр сарын 10-нд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулснаар хөөн хэлэлцэх хугацааг яллагдагчаар татах хүртэл тоолох болсон. Хуульд нэмэлт, өөрчлөлт орсон өдрөөсөө хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх тул 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрөөс хойш үйлдэгдсэн гэмт хэрэгт хамаарна гэж ойлгож байгаа. Үүнээс өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт анхан шатны шүүхийн шийдвэр гарах, зарим тохиолдол Улсын дээд шүүхийн шийдвэр гарах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолж байсан.
Энэ дээр ямар асуудал үүсээд байна вэ гэхээр, эрүүгийн хэргийг тодорхой хугацаанд шалгадаг. Үүнийг бид хөөн хэлэлцэх хугацаа гэж тайлбарладаг. Хөөн хэлэлцэх хугацаа нь хүний эрхийн ач холбогдолтой.
Гэтэл харамсалтай нь Улсын дээд шүүх өмнөх хуулийн үйлчлэлд хамаарч байгаа буюу хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан хэргүүдийг заавал шүүхээр оруулж ял шийтгэнэ гэдэг тайлбар хийлээ. Ингэснээр Улсын дээд шүүх Үндсэн хуулийн суурь зарчмууд болон Монгол Улсын нэгдэн орсон гэрээнүүдийг зөрчсөн. Эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэдэг суурь зарчмын эсрэг тайлбар гаргасан. Өөрөөр хэлбэл хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байгаа учир хуульд Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргах гэж байна” гэв.