Ковид19 халдварын улмаас Монгол-Хятадын агаарын хил 28 сарын турш хаалттай байсан. Тэгвэл энэ сарын 1-нээс эхлэн манай улстай агаарын хилээ нээж, нислэг хүлээн авахад бэлэн гэдгээ БНХАУ-ын Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн юм. Ийнхүү энэ сарын 1-нээс эхлэн тус улсын Гуанжу, Хөх хот руу МИАТ компани долоо хоног нэг удаа нислэг хийж эхэлсэн юм.
Гэхдээ БНХАУ-ын талаас хэд хэдэн шаардлага тавьсан байна. Тухайлбал, Улаанбаатар хотоос БНХАУ-руу нисэх зорчигчид эх орондоо тав хоног, очсон газраа 14 хоног тусгаарлагдах шаардлагатай аж. Энэ талаар ИНЕГ-аас тодруулахад “БНХАУ-ын талаас хэд хэдэн шаардлага тавьсан. 14-20 хоног хоёр талдаа тусгаарлагдах шаардлагатай юм билээ. Хэдий урт хугацаа ч манай талаас зохицуулах боломжгүй” гэсэн юм.