Дэлхийн эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн оруулсан хувь нэмрийг олон нийтэд сурталчлах, дэмжих зорилгоор НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн зургадугаар сарын 27-ны өдрийг “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү өдрийг тохиолдуулан Жижиг, дунд үйлдвэрийн газар, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ, Нийслэлийн Бизнес, инновац хөгжлийн газар хамтран “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2022” арга хэмжээг зохион байгуулж байна.
Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ /ЖДҮҮ/ эрхлэгчдээ дэмжих, тэдний худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээг олон нийтэд таниулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой энэхүү арга хэмжээ нь Сүхбаатарын талбайд зургадугаар сарын 24-27-ны хооронд дөрвөн өдрийн турш үргэлжилнэ. Энэ өдрүүдэд Монгол Улсын 21 аймаг болон нийслэлийн есөн дүүргийн 300 гаруй аж ахуйн нэгжийн 3000 орчим бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд дэлгэн танилцуулах юм. Түүнчлэн тус өдрийн хүрээнд уул уурхайн салбар, олон улсын байгууллагууд болон төрийн худалдан авах үйл ажиллагаанд ЖДҮҮ эрхлэгчид, хоршоологчид хэрхэн оролцох талаарх сургалт болно.
Дэлхийн банкны судалгаагаар ЖДҮҮ-ний салбар нь хөгжиж буй улсуудын ажил эрхлэлтийн 40 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ий 60 хүртэлх хувийг бүрдүүлдэг жишиг байдаг. Манай улсын хувьд тус салбар нь нийт ажил эрхлэлтийн 67.2 хувийг бүрдүүлдэг ч ДНБ-ий 18.3 хувийг эзэлж байгаа нь гурав дахин бага үзүүлэлт юм. Харин нийслэлийн хэмжээнд ЖДҮҮ эрхлэгч 43.236 аж ахуйн нэгж байгаа бөгөөд энэ нь улсын нийт дүнгийн 70 орчим хувийг эзэлж байна гэсэн үг. Иймээс нийслэлийн зүгээс тэднийг дэмжихэд чиглэсэн хөнгөлөлттэй зээл олгох, тоног төхөөрөмжийн буцалтгүй тусламж үзүүлэх зэрэг ажлыг олон улсын болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй. Түүнээс гадна гадаадын зах зээлд гаргахын тулд цахим орон зайд бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломжийг нь нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа юм. Тухайлбал, БНХАУ, АНУ, Япон Улсын зах зээлд манай улсын 170 гаруй аж ахуйн нэгж бараа бүтээгдэхүүнээ цахим хэлбэрээр борлуулж байна.
Цар тахлын үеийн ЖДҮҮ эрхлэгчдийн нөхцөл байдлыг тодорхойлох судалгаагаар тэдний 95 хувь нь хүнд нөхцөл байдалд орсон гэсэн үр дүн гарчээ. Иймд цар тахлын дараагаар уг салбарынхан ажлын байраа хадгалж үлдэхэд дэмжлэг үзүүлэх, салбарын үйл ажиллагааг сэргээх шаардлага бий болоод буй юм. Энэ тухайд Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн “Цар тахлын дараа ч мөн хүний нөөц, тоног төхөөрөмжийн дутагдал, түүхий эдийн хомсдол, банк санхүүгийн эрсдэл гэх мэт олон бэрхшээл тулгарч байна. Гэвч бид асуудал, бэрхшээл тоочих бус, дараа дараагийн хүндрэл, гэнэтийн нөхцөл байдал тулгарахад бэлэн байж, бэрхшээлээс сэргийлэх, даван туулахын тулд энэхүү арга хэмжээ, сургалт зэргийг зохион байгуулж байна” хэмээн онцоллоо.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР