Хорьдугаар зууны 18 дугаар он. Дээрээс халуун нар дулаан илчээрээ төөнөж, зах хязгааргүй тал нутгаар аварга заан, арслан, барс, цөөвөр чоно, одос үхэр, ирвэсийн сүрэг бэлчиж, нэг нь нөгөөгөө ангуучлан, байгалийн жам ёсыг өчүүхэн ч үл гажуудуулна. Алиа сармагчингууд модноос модонд дүүлж, балар ширэнгэ гүн нойронд автана. Хар тив анир чимээгүй… Өрнө дахины колоничлолд он удаж, тэдний ажиллах хүч, боолчлолыг бэлтгэдэг байсан Африкийн хуурай, хатуу хөрсөн дээр борооны оронд гэмгүй номхон хүмүүсийн нулимс нэг, нэгээрээ дуссаар… Гэвч уугуул африкчуудын зарим нь цагаан арьстнуудын дарлал, мөлжлөгийг эсэргүүцэн, өөрийн ёс, заншлаараа онгон зэрлэг нутагтаа амьдарч, овог, ургаа өмгөөлсөөр байлаа…
1918 оны долоодугаар сарын 18-ны өдөр. Өмнөд Африкийн Тембу овгийн Мвеза тосгонд Холилала Далибунга хэмээх бяцхан хүү мэндэллээ. Эцэг, эх нь түүнийг хожим эрх дураараа гөрөөлж, өөрийн зоргоороо амьдрахыг хүсэн ийн нэрлэжээ. Бороог хүсэмжилсэн он жилүүд ар араасаа өнгөрч, Холилала Далибунга хүү сургуульд оров. Энэ үед өмнөд Африкт иргэншиж нийгэмших үйл явц хүчтэй өрнөж хүүхдүүдийг боловсрол эзэмшүүлж эхэлсэн юм. Цагаан арьст багш нар Далибунгаа хүүгийн сурлага сайтай, сийрэг ухаантайг шагших ч түүний нэрийг дуудахдаа тийм ч сайнгүй байлаа. Тэр үед хүүхдүүдэд европ нэрийг сургуулиас нь өгч эхэлсэн байна. Энэ нь өрнийн соёлын нөлөө байсан хийгээд Холилала Далибунга хүүг багш нь Нелсон Мандела гэж нэрлэжээ.
Нелсон Мандела хүү овог отогтоо нөлөөтэй байр суурь эзэлдэг гэр бүлээс гаралтай байлаа. Түүний өвөг эцэг нь нас барахад Манделад омгоо толгойлох хүндтэй үүрэг ногдож тогтсон ёсны дагуу 23 нас хүрээд гэрлэх ёстой байв. Гэвч тэр тэгсэнгүй. Харин дээд боловсрол эзэмшихийг хүсэн Йоханнесбург хотноо ирж, тухайн үед цагаан арьстнууд голдуу суралцдаг байсан томоохон их сургуульд хуулийн чиглэлээр элсэн оров.
Үнэндээ түүний энэ үйлдэл санаанд багтамгүй зүйл байжээ. Учир нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлээр өвчилсөн Африк тивд ийн хар арьст оюутан цагаан арьстнуудын дунд, тэдэнтэй эрх тэгш суралцаж, зарим нэгнээс нь бүр хол давуу амжилт үзүүлж байсан нь бусдын атаа хорслыг багагүй хөдөлгөв. Манделад одоо зөвхөн тэсч, тэвчиж, заримдаа бүр нүдгүй, чихгүй мэт явах шаардлага гарч ирэв. Үүнийгээ ч тэр сайтар ухаарч байв. Судлаачид түүний амьдралын энэ хэсгийг дүгнэхдээ “Аугаа их тэмцлийн босго үе” гэжээ. Үнэндээ Мандела оюутан байх хугацаандаа тэгш эрх, эрх чөлөөний төлөө гэсэн үзлийг бий болгож, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг халах цаг нь болсон гэдгийг хатуу ухаарсан юм.
Тэмцлийг ямар замаар хийх нь хамгаас чухал. Шуудхан зэвсэг барьж, хүчирхийллийг хүчирхийллээр дарах түгээмэл аргыг дийлэнх хувьсгалчид сонгосон байдаг бол Мандела анхандаа тэгсэнгүй. Улс төрөөр, илүү үр дүнтэй зөөлөн аргаар хоёр хуваагдаад байсан ард түмнийг нэг цул болгох л Нелсоны мөрөөдөл байлаа. Гэсэн ч цагаан арьстнууд ноёлсон Африкийн улс төрийн ертөнцөд хэрхэн орж, тэдэнд яаж нөлөөлөх нь бас л амаргүй даваа. Нөгөөтэйгүүр дэлхийн суутнууд бие биенээсээ суралцдаг гэдэг нь туйлын үнэн болой. Нелсон Мандела Махатма Гандиг шүтэн биширч, түүний үг сургаал шингэсэн ном судрыг эрх чөлөөгүй гудамж талбайгаас одоохондоо тусгаарлаж байгаа даруухан гэр орондоо нүд сэтгэлээрээ тэмтэрч суув. Үнэндээ Манделагийн тэмцлийн гол арга зам нь Гандигийн хүч үл хэрэглэх гэсэн зарчим дээр тулгуурлаж байв. Чингээд удалгүй тэрбээр Африкийн үндэсний конгресст элсэж, залуучуудын лигийг байгуулав. Энэ нь нийгэмд залуучуудын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, тэдний дуу хоолойг нэгтгэх зорилго, чиглэлтэй сайн дурын гэж болохоор байгууллага байжээ.
1952 он гарахад залуухан хуульч Мандела Йоханнесбург хотноо хамтрагч, дотны нөхөр Оливер Тамбутай нэгдэн хуулийн чиглэлээр ажиллаж, хар арьстнуудын тэгш эрхийг хангах Үндэсний намын арьс өнгөөр ялгаварлан гадуурхах системийн эсрэг шат дараалалтай ажлуудыг зохион байгууллаа. Улс орон хоёр талцаж, нийгэмд нэг л хүйтэн салхи исгэрэх болов. Мандела цагаан арьстнуудтай гар барьж, тэдэнтэй эв найртайгаар эвсэн амьдрахад хэзээд бэлэн боловч эсрэг тал нь энэ зүйлийг зүүдлэхийг ч хүсэхгүй байжээ. Мандела тэмцсээр…
Үүнээс хойш дөрвөн жилийн дараа 1956 онд Нелсон Мандела өөр 155 тэмцэгчийн хамт баривчлагдлаа. Тэдэнд эх орноосоо урвасан, Өмнөд Африкийг өөр улсад нэгтгэхээр оролдсон гэсэн ял тулгаж, бүх л бүтэн дөрвөн жил дамжсан олон удаагийн шүүх хурал боллоо. Эцэст нь Нелсон Мандела болон түүний хамтрагчдыг буруугүй гэж үзэн, цагаатгав. Гэтэл дайран дээр давс гэгчээр Африкт хар арьстнуудыг хаана ч амьдарч, ажиллахыг эсэргүүцсэн хөдөлгөөн хүчээ авч, эмх замбараагүй байдал дэгдлээ. Конгрессийн залуучуудын лиг татан буугдаж, тэмцэгчид хэсэг хугацаанд нуугдах хэрэгтэй боллоо.
Эцэст нь тэвчээр алдуурч, тэмцлийн хурц хэлбэрийг сонгохоос өөр аргагүй явдал болсон юм. 1960 онд Шарпевиллийн жагсаалын үеэр цагдаа нар 69 хар арьст иргэнийг буудаж хөнөөсөн нь Манделагийн гарыг зэвсэг рүү түлхэв. 1961 онд Мандела “Үндэсний жад” хэмээх зэвсэглэсэн хөдөлгөөнийг байгууллаа. Тэр одоо шударга бус явдалтай цус урсган тэмцэхэд бэлэн болжээ. Судлаачид энэ эрхэм хүмүүний босогч мэт ойлгогдсон тэр он жилүүдийн талаар бичихдээ “Олон жилийн турш энх тайвны замаар хийсэн үр дүнгүй тэмцэл, арьс өнгөний ялгаварлан гадуурхах үзэлтэй төрийн зүгээс ирж байсан хавчлага шахалт улам нэмэгдсэн нь Нелсон Манделагийн тэвчээрийн туйлыг эвдсэн” гэжээ.
1964 оны зургаадугаар сарын 12-ны өдөр Нелсон Мандела болон түүний нөхөд гартаа гавтай, шүүх танхимд зогсоно. Шүүгдэгсдийг хүмүүс жигшсэн зэвүүцсэн, үзэн ядсан, дээрэмчин, тонуулчдыг харж байгаа мэт нүдээр ширтэнэ. Шүүгч тэднийг дөрвөн удаа зэвсэгт халдлага үйлдсэн, дотоодын үймээн самуун дэгдээсэн, гадаадын тагнуул, туршуулаар ажилласан зэргээр буруутгаж, бүх насаар нь хорих ялаар шийтгэлээ.
“Өөрийн амьдарлаа би Африкийн ард түмний тулд зориулсаар ирсэн. Би хүн бүхэн тэгш эрхтэй, бие биенээ хүндэлсэн, ардчилсан, чөлөөт нийгмийг дээдэлдэг. Гэхдээ хэрвээ энэ чөлөөт нийгмийн төлөө шаардлагатай бол би үхэхэд бэлэн байна”. Энэ үгсийг шүүгчийн модон алх дөш нь дээр тасхийтэл буусны дараа үлдсэн амьдралаа шоронд өнгөрөөх болсон Нелсон Мандела хэлсэн юм.
Ингэж эрх чөлөөг хамгаас илүү хүсэн мөрөөдсөн Мандела энэ ертөнцийн хамгийн эрх чөлөөгүй газруудын нэг болох Роббин арлын чанга дэглэмтэй гянданд хоригдов. Эх газраас усаар тусгаарлагдсан энэ арал бол олон арван жил хүмүүсийн цөхрөл, нулимс, харууслыг дааж ядсан газар байлаа. Хатуу ширүүн хуягууд, өндөр чулуун хашаа, өргөстэй торны цаанаас ширтэж, цэнэгтэй буугаа нэг л буруу үйлдэл хийсэн тохиолдолд ашиглахад бэлэн. Мандела болон түүний нөхөд ихэнх хугацааг жижигхэн торон цонхтой хорих өрөөнд өнгөрөөж, өдөрт хэсэгхэн зуур салхинд гарна. Хар тивийн хөх тэнгэрээс нар тэдэнд илч гэрлээ үл хайрлах ч өргөн дэлхийд юу болж байгаа эсэх нь учир битүүлэг, түнэр харанхуйн дунд нуугдана. Хоорондоо ярих, хэтэрхий ойртох хориотой. Зөвхөн шоронгийн чулуун хашааны дотуур нар зөв, нар буруу холхих үүрэгтэй… тэгээд бас дуугүй байх…
Хамгийн харанхуй газар хамгийн тод гэрэл асдаг гэсэн үг бий. Мандела хар тивийн хамгаас хэцүү газар, хэлэх үг, хийх үйлдлээ бусдаар заалгуулж байхдаа өөрийн чин хүсэл зорилгоосоо хэзээ ч ухраагүй юм. Харин түүний оронд Лондонгийн их сургуулийг эчнээгээр суралцан төгсөж, мэдлэг боловсролоо зузаатгах, хүмүүст илүү ухаалаг үг хэлж, тэднийг илүү зөв замаар хөтлөх бэлтгэлээ хангаж байв. Мөн Манделаг Роббин арлын шоронгоос оргуулж, энэ үйл явц дунд нь буудан хөнөөх төлөвлөгөө боловсруулагдаж хэрэгжихийн даваан дээр цуцласан тухай Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Тагнуулын тусгай ажилтан Гордон Бинтер 1981 онд номдоо тодорхой өгүүлсэн нь шуугиан тарьсан юм. Гэтэл цаг хором бүр тэмцэл, тэсвэр тэвчээр шаардсан он жилүүд өнгөрч байтал гэнэт муу мэдээ ирлээ. Манделагийн хүү машины осолд орж нас бараад удаагүй байтал ээж нь ач хүүгийнхээ араас явлаа. Гуниг, гутралаар дүүрэн өдөр, хоногууд улирч ядан, сэтгэлээр унасан тэмцэгч хэнтэй ч, юу ч ярихыг хүсэхгүй төмөр торны цаана сууна. Тэр одоо цөхрөх болов уу? Эсвэл бууж өгөх болов уу?
Даруй 27 жил өнгөрчээ. Роббин арлын шорон улам хуучирч, өргөст торнууд нь зэврээд, чулуун хана хэрэмд нь цав суужээ. Хүнд ялтай хоригдлуудыг нарлуулах цаг болж, мөрөндөө буу өлгөж, гартаа нохой хөтөлсөн хуягууд харуулын цамхаг дээр хүч нэмэгдүүлнэ. Цаг болоход олон төмөр хаалганы нугас нэгэн зэрэг чахран, өвгөрч өтөлсөн хоригдлууд туугдан гарч ирлээ. Тэдний дунд Нелсон Мандела явна. Тэр бас “хуучирчээ”. Үс нь бууралтаж, царай нь нимгэрээд, урьдын хүч чадал нь арилжээ. Гэвч түүний сэтгэл зүрх тийм байсангүй.
1980 он гарахад Манделагийн дотны нөхөр Оливер Тамбу үндэсний Конгрессийг удирдах болж, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг олон улсын хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн байв. Тэд Нелсон Манделаг шоронгоос суллахыг шаардаж, 1988 онд Лондон хотын төв цэнгэлдэхэд болсон бүх оддын тоглолтон дээр Нелсон Манделаг сулла гэж далан хоёр мянган хүн дуулав. Манделагийн асуудлаар ЗХУ, АНУ-ын эрх баригчид үзэл бодлоо илэрхийлж эхлэв.
Ингээд 1990 оны цаг тооны бичиг эргэх ахуйд шинээр Өмнөд Африкийн Ерөнхийлөгч болсон Фредерик Биллем де Клерк бусдын буруу үг, үзэл суртлыг эс огоорч Нелсон Манделаг шоронгоос суллав. 1993 онд Нелсон Мандела дэлхийн хамгийн их хүндэтгэл болох Нобелын энх тайвны шагналыг хүртэж, таван сарын дараа өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын Ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгууллаа.
Уг сонгууль тус улсын анхны тэгш эрх үйлчилсэн улс төрийн үйл ажиллагаа болсон юм. Гэхдээ нийгэмд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл байсаар байсныг энэ ухаант хүмүүн спортын аргаар арилгаж, улс үндэстнээ нэгтгэж чаджээ. Мандела зөвхөн эх орондоо төдийгүй, бүх Африкийн эв нэгдэл, тусгаар тогтнол, дэлхий дахины эв найрамдалд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан хүндэт хүмүүн юм.
/Жич: Энэхүү материалыг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан тараахыг хориглоно…/
Эх сурвалж: MNB.MN О.Цэнд-Аюуш