Дотоодын цэргийн 05-р ангийн хугацаат цэргийн алба хаагч, 18 настай Н энэ оны зургаадугаар сарын 16-ны өдөр, 16 цагийн орчимд ходоод нь бүхэлдээ задарсны улмаас эмнэлэгт яаралтай хүргэгдэж ирсэн ч шархаа даалгүй амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тус асуудлаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар сэтгүүлчдэд тодруулга өглөө.
Тэрбээр, Сургалтын төв дээр очсон алба хаагч тангараг өргөсний дараа нас барсан асуудал гарсан. Хууль хяналтын байгууллагаас шалгалт явуулаад задлан шинжилгээ хийсэн. Урьдчилсан байдлаар ходоод нь цоорсон гэдэг дүгнэлт л гаргасан. Эцсийн дүгнэлт гараагүй байна.
Эмч нарын өмнөөс дүгнэлт хиймээргүй байна. Би мэргэжлийн биш учраас дүгнэлт хийж чадахгүй байна. Шалгалтын явцад ямар нэг байдлаар дүрмийн бус харьцаж, дэглэсэн асуудал тогтоогдоогүй. Эрүүл мэндийн шалтгаантай байсан байж болно, заавал нэг хүн дэглээд ходоодыг нь цоо өшиглөсөн гэж яриад байх шаардлагагүй. Гадна талдаа хөхөрсөн шарх сорви одоогоор байхгүй байна. Нас барсан шалтгааныг эмч нарын өмнөөс дүгнэж болохгүй. Иймд холбогдох албаныхныг суулгаж байгаад, хэвлэлийн бага хурал хийлгэж өгье. Тэднээс шууд асууж, тодруулах боломжоор хангая” гэлээ.
Энэ дагуу 16.00 цагаас Дотоодын цэргийн штабд нас барсан цэргийн асуудлаар мэдээлэл өгөхөөр болсон байна.