Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2022 оны зургаадугаар сарын 21-ний өдөр НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол дахь салбарын Хөтөлбөрийн менежер Виктор Лутенког томилолтын хугацаа дуусгавар болж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзав.
Виктор Лутенко нь 2019 онд Монгол Улсад томилогдон ирснээсээ хойш Монгол Улс, ОУШХБ хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, дотоодын шилжилт хөдөлгөөний талаарх ойлголт, чадавхыг бэхжүүлэх, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зэрэг чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд идэвх санаачилгатай ажилласан. Мөн Коронавируст цар тахлын улмаас хилийн чанадад гацсан, санхүүгийн хүндрэлд орсон 900 гаруй гаруй монгол иргэнийг эх оронд нь буцаан ирүүлэх ажилд ОУШХБ болон тус байгууллагын Монгол дахь салбарын Хөтөлбөрийн менежер Виктор Лутенко үнэтэй хувь нэмэр оруулж, уг иргэдийн нутаг буцах зардалд зориулж 3.3 тэрбум орчим төгрөгийг зарцуулсан юм.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОУШХБ-ын Монгол дахь салбарын Хөтөлбөрийн менежерээр ажилласан Виктор Лутенкод талархал илэрхийлж, дараагийн ажилд нь амжилт хүсэв.
Гадаад харилцааны яам