Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын орон нутаг дахь улсын байцаагчид тухайн аймгийнхаа иргэд, хэрэглэгчээс ирүүлсэн өргөдөл гомдлыг хүлээн авч хуулийн хүрээнд шуурхай шийдвэрлэн ажиллаж байна.
Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь улсын хэмжээнд ажиллахдаа орон нутагт улсын байцаагчтай байна” гэж заасан, мөн Шадар сайдаас аймаг, нийслэлийн Засаг дарга нартай байгуулсан гэрээнд “Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэх орон тооны байцаагчтай болох, тэдний ажилд шаардагдах төсөв, цалинг орон нутгийн төсөвт тусган олгох, ажиллах бүх талын дэмжлэг үзүүлэх” гэж тусгагдсан. Иймд ШӨХТГ-ын даргаас аймгийн Засаг дарга нарт хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж ажиллах орон тооны ажилтанг томилон ажиллуулахыг өнгөрөгч 4 дүгээр сард 01/1026 тоот албан бичгээр хүргүүлсэн.
Гэвч өнөөдрийн байдлаар Увс, Төв, Орхон, Өмнөговь, Өвөрхангай, Говь-Алтай, Булган, Баян-Өлгий гэсэн найман аймагт улсын байцаагч ажиллаж байгаа бол Архангай аймагт ажиллаж байсан улсын байцаагчийг цалингийн сан хүрэлцэхгүй шалтгаанаар ажлаас нь чөлөөлжээ.
Бусад аймгийн хувьд Дархан-Уул, Завхан, Хөвсгөл аймагт Тамгын газрынхаа орон тооны бүтцэд оруулахаар албан тушаалын тодорхойлолтыг боловсруулан Төрийн албан зөвлөлд хүргүүлсэн. Ховд, Дорнод аймаг мэргэжилтний асуудлаа шийдэж байцаагчийн эрх олгохыг хүссэн байна.
Хэнтий, Говьсүмбэр, Сэлэнгэ, Дундговь, Баянхонгор аймаг энэ сард багтаан мэргэжилтэн томилох асуудлыг судалж, шийдвэрлэхээ мэдэгдсэн. Харин Дорноговь, Сүхбаатар аймагт улсын байцаагчгүй байна.
ШӨХТГ-аас хийж хэрэгжүүлж буй хүүхдийн бэлэгний чанар аюулгүй байдал хийх шалгалт, шатахуун болон хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэд тавих хяналт, барьцаалах зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчид /ломбард/-ийн үйл ажиллагаа нь хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хийх хяналтшалгалт зэрэг нь улсын байцаагчтай аймгуудад нэгэн зэрэг явагдаж байна.
Эх сурвалж: ШӨХТГ