Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч 18 настай Н нь ходоод нь задарч нас барсан талаар бид мэдээлсэн. Талийгаачийн ар гэрийн зүгээс үхлийн шалтгааныг цэргийн анги дахь харгислал гэж үзэж, ямар нэгэн хууч өвчин байхгүй гэдгийг талийгаачийн ах “Өдрийн сонин“-нд ярилцлага өгөх үеэрээ мэдэгдсэн байна.
Тэрбээр “Ангийн удирдлагуудын зүгээс салатнаас хордсон гэж хэлж байна лээ. Эрүүл саруул хүүхэд салат идээд л ходоод нь задарна гэж байхгүй. Мэргэжлийн эмч нараас тодруулахад архаг хууч өвчтэй, ходоодны шархлаатай хүний ходоод ингэж задарна гэх байр суурийг хэлж байна лээ. Ходоодны шархтай хүүхэд эрүүл мэндийн үзлэгт тэнцээд цэргийн алба хаана гэж байхгүй шүү дээ. Үүнд гадны нөлөө байна. Намайг алба хааж байхад газар хэвтүүлж байгаад л гэдсэн дээгүүр гүйчихдэг байсан. Миний дүүгийн гэдсэн дээгүүр гүйчихсэн юм болов уу гэж хардаж байна. Ажил хийж ар гэрээ авч явах дүү маань өөд болчихлоо. Шүүх эмнэлгийн дүгнэлтийг л хүлээж байна” гэж ярьжээ.
Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр уг хэргийг ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд шалгаж байгаа ба, талийгаачийн шүүх шинжилгээний хариу гараагүй байгаа юм.
Одоогоор тус ангид Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын газар, Дотоодын цэргийн штаб, Тусгай субьектийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөх хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн алба хаагчид дотоод хяналт, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлүүлэн хийж байгаа бөгөөд Комисс хяналт тавьж, мэдээлэл солилцон ажиллаж байгаа ажээ.