Биеийн тамир, спортын улсын хороо /БТСУХ/-ны хүндэтгэлийн танхимд өчигдөр /06.20/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Шагдарын Гансүхэд “Алтан гадас” одон гардуулах ёслол боллоо.
Монгол Улс, ОХУ-ын хооронд жүдо бөхийн түншлэл, спортын хамтын ажиллагааг өргөтгөн гүнзгийрүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндөөр үнэлж, Ш.Гансүхэд “Алтан гадас одонгоор шагнасныг БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан гардуулж, баяр хүргэлээ.
Ш.Гансүх нь ОХУ-ын Бүгд найрамдах Якут улсын Биеийн тамир, спортын сайдын дэргэдэх Спортын төрөлжсөн сургуульд 14 дэх жилдээ ажиллаж байгаа юм. Энэ хугацаанд ОХУ-ын жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээнд түүний бэлтгэн гаргасан шавь нар алт, мөнгө, хүрэл медаль цөөнгүй хүртэж, жиү жицү бөхийн төрөлд тив, дэлхийн медальтан олноор төрж гарсан нь Ш.Гансүхийн багшлах ур чадвартай салашгүй холбоотой юм.