Хэт халуун бөгчим өдрүүдэд нарнаас хамгаалах малгай, шүхэр хэрэглэлгүй удаан хугацаагаар гадаа байснаас бие хямарч, хордлогын шинж тэмдэг илэрдэг.
Уншигч та бүхэнд наранд цохиулахаас сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна. Үүнд:
- Даралт ихтэй, нас өндөр, хүүхэд багачууд, бие тааруухан, ядаргаа ихэссэн, зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэг хүмүүс гэрээс гарахыг аль болох зайлсхийх
- Нарны шууд тусгалаас хамгаалах нүдний шил, малгай зэргийг тогтмол хэрэглэх;
- Гар, хөл, хүзүү зэргийг наранд ил гаргах хэрэггүй. Учир нь зөвхөн толгойноосоо халснаар наршдаггүй, нарны тусгалыг шууд хүлээн авч байгаа биеийн бусад хэсгүүдээр ч наршиж болно. Тиймээс хэт халуун өдөр майк, богино ханцуйтай цамц өмсөх биш урт ханцуйтай нимгэн цамц өмсөх;
- Нярай хүүхдийг гадаа байлгахдаа сүүдрэвчинд байлгаж, чийглэг сэрүүн орчин бүрдүүлэх;
- Шингэнийг аль болох олон хэлбэрээр (буцалгаж ширгээсэн ус, хөргөсөн цай, жимсний шүүс, хярам) ойр ойрхон уух;
- Хэт хөлдөөсөн зайрмаг, мөс, хэт хүйтэн ус, ундаа уух нь хоолой өвдөх нөхцөлийг бүрдүүлдэг тул эцэг эхчүүд анхаарах.
Илрэх шинж тэмдэг:
Нууц үе 30 минутаас 18 цаг;
- Дотор бачуурч, бие нозоорох;
- Дотор муухайрах, бөөлжих, суулгах;
- Бага зэрэг халуурах;
- Бие суларч тамир тэнхээ алдах
- Ходоод гэдэсний хэвийн ажиллагаа хямрах;
- Нүд харанхуйлж, толгой эргэх.
- Нүүр чинэрэн улайж, цээж багтран амьсгаа цухалдах
Авах арга хэмжээ:
Дээрх шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандан үзүүлж зөвлөгөө авах;
- Буцалсан усыг хөргөөн задгай саванд хийж наранд халаагаад уг усаа уух буюу толгой биеийг угааж хэвших;
- Зөв тохирсон шингэнийг насны онцлогт тохируулан аль болох ойрхон олон удаа хэрэглэх;
- Хэрэв халуурвал хүйтэн жинг толгой, шилэн хүзүү орчимд тавьж халуунаа бууруулах;
- Массажилж, иллэг хийж , цусны эргэлт нь зогсохоос сэргийлэх хэрэгтэй.
- Арьсны нимгэн хэсэгт хүйтэн жин тавих /мөстэй уут тавих юм уу спиртээр биеийг нь арчих/