Хөдөлмөр эрхлэлт, халамжийн дэмжлэг, туслалцаа, тэтгэвэр, тэтгэмж зэрэг төрөөс нийгэм рүү чиглэн гаргаж буй стратеги, бодлого төлөвлөлтийг тодорхойлж, хэрэгжилтийг зохицуулах үүрэгтэй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын үед хамгийн ачаалалтай, иргэн бүрд хүрч ажилласан яамдын нэг байлаа. Үйл ажиллагааны цар хүрээгээрээ олон нийтийн анхаарлын төвд байсаар ирсэн ХНХ-ын сайд А.Ариунзаяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Нийгэмд чиглэсэн бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг хариуцан ажилладаг учраас танай яам үргэлж анхаарлын төвд байдаг. Яамны зүгээс хэд хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа гэсэн. Хүн амын олонх хэсэгт хамаардаг нийгмийн халамж, хамгааллын асуудлаар эхэлж асууя. Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд шинээр онцлох ямар ямар зохицуулалт оруулахыг зорьж байгаа вэ?
-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны эрхлэх асуудлын хүрээ маш өргөн. Нарийн яривал, хүүхэд эхийн хэвлийд байхаас эхлээд, мэндэлсний дараах үе, жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхэд төрүүлсэн ээжүүд болон гэр бүл, хүүхэд хамгаалал, хөгжил, хөдөлмөр эрхлэлт, ахмадын асуудал гэх мэт тухайн хүний амьдралын бүхий л цаг үетэй холбоотой.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хэмжээнд бид томоохон хуулийн төслүүдийг боловсруулж заримыг нь батлуулаад байна. Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан. Энэ хууль халамжийн бодлогыг цэгцлэх, хүн амын зорилтот бүлэгт чиглүүлэх тал дээр өөрчлөлт гаргах эрх зүйн чухал алхам болно гэж үзэж байна.
-Нийгмийн эмзэг хэсгээ халамжлах нь төрийн үүрэг ч халамж хавтгайрлаа гэсэн шүүмжлэл хөндөгдөж байдаг. Ингэхэд манай улс ДНБ-ийхээ хэдэн хувийг халамжийн бодлогод зарцуулдаг вэ?
-Халамжийн мөн чанарыг эхлээд харах ёстой. Төрөөс халамж авах үнэхээр хэрэгцээ, шаардлагатай хүндээ хүрч байгаа бол тэр халамж мөн. Энэ тохиолдолд халамж үр дүнтэй, чанартай байх тухай яригдана. Харин төдийлөн хэрэггүй хүнд очоод байгаа бол тэр халамж биш, тогтолцооны гажуудал. Засах хэрэгтэй. Халамж хавтгайрсан гэдэг шүүмжлэл бий. Энэ бол бид тогтолцоондоо зарим өөрчлөлт хийх шаардлагатай болсныг харуулж байна. Энэ нь халамжийг бууруулах бус, халамж хүртэгсдийн хүрээг хумих тухай юм. Халамж хэрэгтэй хүндээ очих ёстой, үр дүнтэй байх ёстой гэсэн бодлогыг мөрдлөг болгоход бид анхаарч байна.
Сүүлийн арван жилийн статистик үзүүлэлтээс харахад Монгол Улс нийгмийн халамжид ДНБ-ий дунджаар хоёр хувьтай тэнцэх хөрөнгийг зарцуулж, Нийгмийн хамгааллын сангаар дамжуулан иргэддээ олгосон байдаг. Харин 2020 онд “Ковид-19” халдвар дэгдсэн учраас төр, засаг хүн амаа цар тахлын эрсдэлээс хамгаалж, айл өрхийн орлогыг дэмжихийн тулд хүсэлт гаргасан хүүхэд бүрд хүүхдийн мөнгийг тав дахин нэмэгдүүлэн олгосон. Мөн хүнс, тэжээлийн дэмжлэгийг хоёр дахин, халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмсэн учраас ДНБ-ий дөрвөн хувьтай тэнцэх хэмжээний мөнгө зарцуулсан байна. 2021 онд ч нийгмийн халамжид ДНБ-ий долоон хувьтай тэнцэх хэмжээний мөнгө зарцуулсан. Цар тахлын нөхцөл байдал бүтэн жил үргэлжилж, нөхцөл байдал хүндэрсэн учраас 2021 онд энэ үзүүлэлт өссөн. Хөл хорионы дэглэмийн үед иргэн бүрд 300 мянган төгрөг, вакцины нэгдүгээр тун хийлгэсэн хүн бүрд 50 мянган төгрөг олгосон. Энэ шийдвэрүүд бүгд Нийгмийн халамжийн сангаар дамжиж хэрэгжсэн учраас халамжийн зардал өгссөн. Халамжийн бодлого “Ковид-19” цар тахлын үед зөвхөн зорилтот бүлэгт бус иргэн бүрд хүрсэн.
-“Ковид-19” цар тахлын сөрөг нөлөө, төрийн дэмжлэгүүд өнгөрсөн хугацаанд өргөн хэрэгжсэн. Гэхдээ ердийн үед хүн амын яг хэдэн хувь нь халамжийн бодлого, шийдвэрт хамрагддаг юм бол?
-Ердийн үед хүн амын 60-70 хувьд халамжийн бодлого хүрдэг. Гэхдээ халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн 60 хувь нь зорилтод бус бүлэгт очдог гэсэн судалгааг ҮСХ, Дэлхийн банк гаргасан байдаг. Манай Нийгмийн халамжийн санд 12 нэр төрлийн 72 үйлчилгээ багтаж байна. Эдгээр үйлчилгээг ангилж үзвэл тухайн иргэний амьжиргаанаас үл хамааруулж олгодог тэтгэвэр, тэтгэмж олон бий.
Жишээлбэл, яг өнөөдрийн нөхцөлд хүүхдийн мөнгийг тухайн айл өрхийн амьжиргаанаас үл хамааран, хүсэлт гаргасан хүүхэд бүрд олгож байна. Гэртээ хүүхдээ асарч байгаа ээж, аавуудын тэтгэмж, одонтой ээжийн мөнгө, ахмадуудад олгодог Насны хишиг гэх мэт тэтгэмжийг мөн л тухайн айл өрхийн амьжиргаанаас үл хамааран олгож байна. Энэ бүхнээс харахад манай халамжийн бодлого үнэхээр зорилтот бүлэгтээ чиглэж чадаж байна уу гэдэг асуулт гарна. Хүн амын өсөлт, хөгжлийг дэмжсэн бодлогууд халамжийн бусад бодлоготой холилдож ирсэн учраас халамжийн үйлчилгээ үр дүн багатай байгаа юм. Тиймээс энэ хоёр бодлогыг салгах асуудлыг Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулах асуудлыг онцгой анхаарч байна.
Халамжаас хөдөлмөрт шилжих бодлого баримталж байна
-Хүнсний талон, хүнс тэжээлийн дэмжлэг гэсэн халамжийн үйлчилгээг зарим иргэн огт мэдэхгүй явж ирсэн байхад зарим нь бүр олон жил хамрагдсан, давхар авдаг гэсэн мэдээлэл ил болж байсан. Үүнийг цэгцэлж амжсан уу?
-Хүнс тэжээлийн дэмжлэгийг өдөрт авах ёстой илчлэг, шим тэжээлээ авч чадахгүй байгаа, орлого нь хүрдэггүй айл өрхүүдэд олгох ёстой. Намайг ажлаа авч байхад улсын хэмжээнд 250 мянга орчим хүн энэ дэмжлэгийг авдаг байсан. Энэ бол Хүүхдийн мөнгөний дараа орох иргэдийн хамгийн өргөн хамрагддаг халамжийн үйлчилгээ. Нөгөө талдаа хавтгайрсан халамж гэж нэрлэгдээд, нийгэмд бухимдал үүсгэж байдаг.
Тиймээс бид 2021 оны долдугаар сард Хүнс тэжээлийн дэмжлэг олгох журмаа шинэчлээд, хугацаа зааж өгсөн. Өмнө нь энэ дэмжлэгт тухайн айл өрх нэг л хамрагдсан бол хугацаагүй авдаг тогтолцоо үйлчилж байсан. Үүнийг бид өөрчилсөн. Герман Улсын загварыг нэвтрүүлсэн. Хүнс тэжээлийн дэмжлэгт хамрагддаг тухайн иргэнд хоёр жилийн хугацаа өгнө. Энэ хугацаанд түүнийг тодорхой чиглэлээр сургаж ажлын байр санал болгоно. Хөдөлмөр эрхлэх чадвартай ч ажил хийхээс татгалзвал тухайн иргэнийг хүнс тэжээлийн дэмжлэгээс хасна.
Бид хүнс тэжээлийн дэмжлэг олгох журмаа шинэчлэн хэрэгжүүлснээс гадна хүмүүст хүргэх арга хэлбэрээ ч бас өөрчилсөн. Өмнө нь цаасан талоноор, тендерт шалгарсан цөөн хэдэн дэлгүүрээр олгодог байсан. Харин одоо хүнс тэжээлийн дэмжлэгийн мөнгө иргэдийн дансанд ордог болсон. Тэд картаа уншуулаад И-баримт хэвлэдэг бүх дэлгүүр, худалдааны төвөөр үйлчлүүлж болно. Ингэснээр энэ үйлчилгээ ил тод, хүртээмжтэй, сонголттой болсон.
-Хүнс тэжээлийн дэмжлэг авдаг айл өрхийн тоо өнөөдөр улсын хэмжээнд хэдээр тоологдож байгаа вэ?
-Бид журмаа шинэчилж, шалгуураа өөрчилснөөр хүнс тэжээлийн дэмжлэг авдаг иргэдийн тоо 80 мянгаар буурсан. Ингэснээр жилд 4.8 тэрбум төгрөг хэмнэх боломжтой болж байгаа юм. Эхлээд бид тухайн өрх хэдэн ам бүлтэй вэ, гэр бүлд нь хөдөлмөрийн насны, хөдөлмөр эрхлэх чадвартай иргэн бий юү, яагаад халамж авах болов гэх мэт асуудлыг нарийвчлан судалсан. Дараа нь хүмүүст зөвхөн халамж өгөөд орхих биш, хөдөлмөрт уриалах ёстой гэдэг зорилтыг тавьж “Халамжаас хөдөлмөрт шилжих” бодлогыг баримталсан. Айл өрхийн амьжиргааг тодорхойлох аргачлалын талаар энд ярих ёстой. Хэдэн жилийн өмнө төрийн албан хаагчид айл өрхөөр явж эд хөрөнгөөр нь тухайн өрхийн амьжиргааг тодорхойлж байсан юм. Энэ өрх машинтай юу, хөргөгчтэй юү, тоос сорогчтой юу гэх мэт асуулгаар хийсэн судалгаа сүүлийн жилүүдэд шинэчлэгдээгүй. Энэ төрлийн судалгаа өндөр өртөгтэй, үр дүн багатай. Тиймээс бид төрд байгаа бэлэн мэдээллийн сангаа ашиглаж, тухайн өрхийн амжиргааг тодорхойлох шинэ арга хэлбэрийг нэвтрүүлж байна. Тухайн өрхийн орлогын, орон сууцны, тээврийн хэрэгслийн, малын тоо толгойг харуулсан бүртгэл, мэдээллийн сан төрд бэлээхэн бий. Түүнийг бид ашиглаж ухаалаг арга хэлбэрт шилжих ёстой.
-Ажлын байр бол энэ цаг үеийн бас нэг толгойн өвчин болсон асуудал. Ажил эрхлээд амьжиргаагаа дэмж, сургаад, ажлын байрыг чинь олж өгнө гэсэн ийм хандлагыг иргэд хэр зэрэг нааштай хүлээн авч байх юм?
-Монгол Улсад нэг талдаа ажлын байр нь нээлттэй ч ажиллах хүчний хомстол бий болсон байна. Нөгөө талд залууст тогтвортой ажлын байр хэрэгтэй байсаар байна. Энэ зөрүүг ойртуулж хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг тэнцүүлэхийн тулд олон зүйлийг хийх шаардлагатай. Мэдээж хүмүүс ажил хөдөлмөр эрхлээд амьдралаа өөрчлөхийг хүсдэг. Ялангуяа залуус. Гэвч арга эвээ олохгүй байгаа залуус олон бий. Ажлын байранд ур чадвараар гологдох нь ч бий. Харилцаа хандлагаараа тэнцэхгүй нь ч бий. Тиймээс ажил хийх хүсэлтэй залуусаа бид дэмнээд өгөх хэрэгтэй байгаа юм. Монгол Улсын Засгийн газраас 18-34 насны залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Оролцоо” төслийг хэрэгжүүлж байна. Харилцаа, хандлага, багаар ажиллах чадвар, цагийн менежмент, хувийн зохион байгуулалт, өөрийгөө илэрхийлэх чадвар, бусдыг ойлгож хүлээн зөвшөөрөх байдал гээд сургуулийн ширээний ард төдийлөн эзэмшдэггүй ур чадварууд орчин цагийн ажлын байранд маш чухал болсон. “Оролцоо” төсөл залуусын Soft skills буюу эдгээр зөөлөн ур чадварыг хөгжүүлэхэд түлхүү чиглэж байгаа. Залуусыг сургаж, үйлдвэрлэлийн дадлага хийлгээд ажлын байранд зуучилна. Тухайн ажлын байрандаа тогтвортой ажиллавал ажил олгогч болон ажилтныг нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлтөд хамруулж дэмжих бодлого давхар хэрэгжиж байгаа юм.
-Шийдвэр гаргах түвшинд ч, нийгэмд ч өнгөрсөн 30 жилийн хямрал, түүнээс үүдсэн гажуудал, хохирлыг хөнддөг болжээ. Энэ гажуудал хөдөлмөрийн зах зээлд илүү мэдрэгдэж байдаг. Салбарын сайдын хувьд та үүнийг хэрхэн харж байгаа вэ. Бас яавал засаад, сайжруулчих боломжтой гэж үзэж байгаа бол?
-Сүүлийн жилүүдийн статистикаас харахад манай улсын хөдөлмөрийн зах зээлд жилд ойролцоогоор хөдөлмөрлөх боломжтой, хөдөлмөрийн насны, ажил хөдөлмөр эрхлээгүй 100 мянга орчим иргэн бүртгэгдсэн байдаг. Гэтэл нөгөө талд нь 40-50 мянган ажлын байр нээлттэй зарлагдсан ч ажил горилогч орж ирдэггүй.
Энэ бол хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээ хоёрын нийцэл алдагдчихсан байгааг харуулж байна л даа. Залуус ажлын байрны зах зээл нь ханачихсан мэргэжлээр сурч төгсөөд байгаа нь нэг талдаа ажилгүйдлийг нэмэх болсон. Ялангуяа, их дээд сургуулийг нийгмийн чиглэлээр, эдийн засагч, хуульч, сэтгүүлч, улс төр судлаач мэргэжлээр төгссөн залуус ажлын байргүй байна.
Гэтэл яг бүтээн байгуулалтын салбарынхан цахилгаанчин, гагнуурчин, уурхайд ажиллах техникийн мэргэжилтэн, зам засвар, барилгын ажилчид болон тогооч, үйлчлэгчийн ажлын байрны санал тавиад хүнээ хүлээгээд байдаг болсон. Энэ бол бидэнд мэргэжлийн боловсролын салбараа түлхүү хөгжүүлэх ёстойг сануулж байна. Жишээлбэл, Герман улс төгсөгчдийнхөө 70 хувьд мэргэжлийн боловсрол эзэмшүүлж, 30 хувийг нь их, дээд сургуульд элсүүлдэг бол Монгол Улс эсрэгээрээ, төгсөгчдийн 70-80 хувь нь их, дээд сургуульд элсүүлээд үлдсэн 20-30 хувь нь мэргэжлийн боловсролыг сонгож байна.
Бүтээн байгуулалтын салбарынхан аргаа бараад барилгачин, зам гүүр барих хүчийг гаднаас авч байна шүү дээ. Гэтэл Монгол Улсад ажилгүй залуучууд ийм олон байхад гаднаас ажиллах хүч авлаа гэсэн шүүмжлэл гараад ирдэг. Яг ханцуй шамлан бүтээн байгуулалт хийх ажлыг их, дээд сургууль төгссөн залуучууд хийхгүй байна. Үүнийг хаана хаанаа ойлгоод, багш нар, эцэг эхчүүд ч хүүхдүүдээ их, дээд сургуульд хэрэгцээ нь ханасан мэргэжлээр сургана гэхээс илүү найдвартай, эрэлт хэрэгцээтэй мэргэжлээр сургах тухай бодох цаг болжээ.
Хүний хандлагын саад л тулгардаггүй бол дэвшил гарна
-Салбарын сайдаас хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн үйл ажиллагааны талаар асуухгүй өнгөрч болохгүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн ямар бодлогыг хэрэгжүүлж байгаа вэ?
-Монгол Улсад 110 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Энэ бол нийт хүн амын 3-4 хувь гэсэн үг. Хөгжлийн бэрхшээлийн хувьд 53 хувь нь олдмол буюу хожим үүссэн байдаг юм. Манай хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамддаг олон асуудал бий. Тэдгээрийн нэг нь ажлын байр. Хөдөлмөрийн тухай хуульд хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тусгайлсан заалтууд бий. Байгууллага, аж ахуйн нэгж 25-аас дээш ажилтантай бол нийт ажиллагсдын дөрвөн хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулна, ажиллуулаагүй бол ажлын байрны төлбөр төлнө гэсэн хуулийн зохицуулалттай. Мөн “Хэрвээ хөдөлмөрийн бэрхшээлтэй хүний бий болгосон бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдаж авбал тэр хэмжээгээр төлбөрөөс чөлөөлөгдөнө” гэсэн агуулгыг шинээр оруулж өгсөн. Манай яамны харьяанд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн агентлаг гэсэн тусдаа бие даасан агентлаг үйл ажиллагаа явуулж байна. Мөн бид Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өөрсдийнх нь санаачилга, ТББ, ААН-үүдтэй хамтран бизнес эрхлэлтийг дэмжих бодлогууд хэрэгжүүлдэг.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал бол зөвхөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны асуудал биш. Эрүүл мэндийн яам болон БШУЯ-тай бид бодлого, үйл ажиллагаагаа уялдуулах ёстой юм. Жишээлбэл, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлбэл сэргээн засах боломж өндөр байдаг. Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийг цогцоор харж байж хөгжлийн бэрхшээлтэй хүний төлөө тэгш, хүртээмжтэй нийгмийг бий болгож чадна. Хувь хүний хувьд ч, салбар хариуцан ажиллаж байгаа хүний хувьд ч би хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдийн идэвх санаачилгыг магтаж, биширдэг. Хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ нийгмээс нууж, хаадаг байсан бол одоо эсрэгээрээ “Би хүүхдээ хөгжүүлье, илүү нээлттэй болгоё, яагаад миний хүүхдийг оролцуулахгүй, ялгаварлан гадуурхаж байгаа юм бэ” гэдэг асуудлыг тавьж, хүүхдийнхээ төлөө явдаг болсон.
Одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ боловсролд төр ч, ар гэрийнхэн нь илүү сайн анхаардаг болмоор байна. Үнэхээр хүнд бэрхшээлтэй биш л бол хүүхдийг ердийн сургууль, цэцэрлэгт хамруулах боломжтой болсон. Жишээлбэл, харааны бэрхшээлтэй хүүхдэд зориулсан брайл үсэгтэй компьютер, текст бичвэрийг шууд аудио болгож авианд буулгах технологийн шийдлүүд ч бий болсон байна. Бид хүүхдээ сайн боловсролтой болгож чадвал ирээдүйд ажлын байранд нь санаа зовохгүй болно. Тиймээс Боловсролын хууль, Нийгмийн хамгааллын хууль, Эрүүл мэндийн үйлчилгээний гэх мэт хуульд бид хүртээмжийн асуудлыг тусгаж ирэх намрын УИХ-ын чуулганд өргөн барьж хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-Манайхыг бас хөгжлийн бэрхшээлтэй иргэндээ ээлтэй биш гэж шүүмжилдэг. Байгууллагуудын гаднах зай талбай, шат довжоо, зам гүүр барих асуудалд компани, ААН-үүд арай л хайнга хандах юм?
-Монгол Улсад нийгмийн амьдралд шаардлагатай бүхий л зохицуулалтыг хууль тогтоомжууддаа чамлахааргүй суулгаж өгч баталсан байдаг ч хэрэгжилтийн шатандаа удаашралтай, цаасан дээрээ үлдчихээд байгаа. Эдгээрийн нэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх асуудал байна. Үүнийг хууль тогтоомжид зааж өгсөн ч яг хэрэгжилтийн түвшинд очоод саардаг. Гэхдээ сүүлийн үед тодорхой хэмжээнд эерэг өөрчлөлт гарч байгаа. Жишээ нь, нийтийн тээврийн шинэчлэлтийн хүрээнд Нийслэлийн ЗДТГ шинээр оруулж ирсэн автобусаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй, тэргэнцэртэй иргэн түүртэхгүй орох боломжтой хэлбэрээр захиалсан байна. Энэ бол дэвшил, ахиц мөн. Бид Саадгүй байдал, хүртээмжийн тухай хуулийн төслийг боловсруулж байна. Энэ хууль батлагдсанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин нөхцөлийг бүрдүүлэхэд эрх зүйн том ахиц гарна гэж харж байгаа.
Хүүхдийн мөнгө халамж уу, хүн амаа өсгөх бодлого уу гэдгийг ялгах ёстой
-Хүүхдийн мөнгөний асуудлыг хүн бүр анхаардаг. “Ковид-19” цар тахлын эрчимжилтийн үед 100 мянга болгосон тэтгэмжийг буцаагаад 50 мянга руу буулгах, талыг нь хүүхдэд хуримтлал болгон өгөх гэх мэт асуудал ч яригдаж байгаа. Эцсийн шийдэл ер нь ямар байх бол?
-“Ковид-19” цар тахлын үеийн эдийн засгийн хүндрэлээс иргэдээ хамгаалж, дэмжихийн тулд 2020 оны тавдугаар сард хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Өмнө нь хүүхдийн мөнгө 20 мянган төгрөг байсныг та бүхэн санаж байгаа байх. Тухайн үед 80 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн гэсэн үг. Одоо бол Засгийн газраас “Хуримтлалтай монгол хүүхэд” гэсэн бодлогыг хэрэгжүүлэхээр зорьж байна.
Энэ бодлого ямар учиртай вэ гэвэл, товчхондоо, хүүхдэд 50 мянган төгрөг олгоно. Бас Ирээдүйн өв сангаар баталгаажсан данстай болгон дансанд нь сар бүр 50 мянган төгрөгийн хуримтлал үүсгэж өгнө. Тухайн хүүхдэд олгож байгаа 50 мянган төгрөгийг бэлнээр нь авч болно. Хүүхдийн мөнгөө банканд хадгалдаг бол тэр дансандаа шилжүүлж болно. Мөн тусгай санд үүссэн хуримтлалдаа үлдээж болно. Өөрөөр хэлбэл, хүүхдэд өгч байгаа 50 мянган төгрөгийг хадгалж, зарцуулах нь тухайн гэр бүлийн сонголт юм. Харин таны хүүхдийг тусгай санд хуримтлалтай болгож ирээдүйг нь дэмжих үүргийг төр хүлээе гэж байгаа юм. Энэ бодлого ирэх долдугаар сараас хэрэгжих байсан ч Засгийн газар эдийн засгийн хүндрэл, үнийн өсөлтийн нөхцөл байдлыг харгалзан үзээд хойшлуулах шийдвэрийг гаргасан. Хүүхдийн мөнгийг энэ он дуустал 100 мянган төгрөгөөр олгоно.
-Хүүхдийн мөнгө яг зорилтот бүлэгтээ, хүүхдүүдээ хүрч чаддаг уу гэсэн асуудал бас хөнддөг?
-Хүүхдийн мөнгийг захиран зарцуулдаг зарим эцэг, эхийг хариуцлагатай болгох шаардлага бий. Хүүхдийн мөнгөө аваад архи ууж, эргээд хүүхдээ хүчирхийлдэг асуудал үүсдэг. Гэхдээ олон биш, маш цөөн. Төрөөс олгож буй тэтгэмжийг зөвхөн хүүхдэд л зарцуулдаг байхын тулд зарим улс орон хүүхдийн мөнгөний тусгай карт гаргаж, карт нь хоол хүнс, соёлын үйлчилгээ, сурлага, спортын давтлага, өдөр өнжүүлэх гэх мэт зөвхөн хүүхдэд зориулсан үйлчилгээнд идэвхждэг аргыг нэвтрүүлсэн байдаг. Энэ хөтөлбөр их зөв зүйтэй санагддаг. Гэхдээ “Ковид-19” цар тахлаас үүссэн эдийн засгийн хүндрэл саараагүй байна. Энэ мөнгө олон айл өрхийн амьжиргаатай холбоотой байгаа учраас өнөөдөр энэ шийдлийг ярихад тохиромжгүй байна. Ер нь бол алсдаа ийм шилжилтийг бид хийх ёстой.
Гэрлэлтийн гэрээг хуульчилсан ч практик дээр огт хэрэгждэггүй
-Нийгмийн анхаарлыг яг одоо Гэр бүлийн тухай хууль татаж байна. Гэр бүл салалтын ард маш олон хүүхэд өнчирдөг учраас хүмүүс энэ хуулиас хариуцлагын тогтолцоо хүлээж байх шиг байна. Яам хуулийн төсөлд ямар өөрчлөлтийг онцлон багтаах гэж байна. Ямар байр суурь баримталж байгаа вэ?
-Гэр бүлийн тухай хууль иргэний харилцаатай шууд уялдаатай учраас энэ хуулийн төсөл дээр бид ХЗДХ-ийн яамтай хамтран ажиллаж байгаа. Хуулиар хариуцлагыг өндөржүүлэхээс өмнө бид залуучууддаа гэр бүлийн талаарх боловсрол олгох нь чухал. Нийгмээ төлөвшүүлэхийн тулд залуучуудыг зөвхөн гэр бүл болохын өмнө гэхгүй, магадгүй бүр ЕБС-ийн хөтөлбөрөөр дамжуулан өсвөр насан дээр нь гэр бүл төлөвлөлт болон хэрхэн яаж жирэмслэлтээс хамгаалах вэ, хэрхэн зөв төлөвлөлт хийж хамтын амьдралыг эхлүүлэх вэ гэсэн мэдлэг, мэдээллийг өгч байх нь зөв юм байна.
Бид эрт үед нь л анхаарахгүй бол нэгэнт гэр бүл зохиогоод асуудал үүссэний дараа хуулийн хатуу зохицуулалтаар барина гэдэг байж боломгүй асуудал. Гэр бүлийн тухай болон бусад хуулиар гэр бүлийн өмчийн харилцаа, гэр бүл болсноос хойш хамтдаа бий болгосон баялаг, хөрөнгийн эзэмшигч нь хэн байх вэ. Гэр бүл салах явцад хэн буруутай байв, тэтгэвэр, тэтгэмжийг хэн төлөх вэ гэдгийг зохицуулах нь зөв байх гэсэн байр суурьтай байна.
-Гэрлэлтийн гэрээг нийгэмд сайн таниулаад авсан үед хэврэг гэр бүл, төлөвлөлтгүй гэр бүл бий болох, салалт ихсэх, өнчин хүүхдийн тоо нэмэгдэх явдал багасах болов уу гэж хардаг?
-Одоо мөрдөж буй хууль тогтоомжид гэрлэлтийн гэрээний тухай заалт байдаг ч практик дээр огт хэрэгждэггүй юм. Иргэд маань ч энэ хуулийн заалтын талаар мэддэггүй. Тиймээс “Гэрлэлтийн гэрээтэй болох хэрэгтэй” гэж ярьдаг. Энэ гэрээг одоо практикт хэрхэн яаж хэрэгжүүлж дадах вэ гэдэг асуудал хүлээгдэж байгаа. Гэтэл манайхан гаднын хэвлэлээс Холливудын амьдрал, гэр бүл салалтын мэдээг байнга авдаг. Хөгжингүй орнууд гэр бүлээс гадуур төрсөн хүүхдийг ч орхилгүй, эцгийн хөрөнгийн тэдэн хувь ногдоно гэх мэт гэр бүлийн гишүүдийн өмчийн эрхийг үүсгэн хэрэгжүүлээд явж байдаг.
Энэ асуудал бол яах аргагүй тухайн нийгмийн хөгжлийн тодорхой үе шаттай холбоотой учраас Монгол Улс ч гэсэн одоо энэ асуудлыг ярьж эхэлж байна аа гэдэг чинь хөгжлийн зам дээрээ зөв явж байна аа гэсэн үг. Нөгөө талдаа манай гэр бүлийн асуудлаар мэргэшсэн хууль ч, өмгөөлөгчид зэрэгцээд ажиллах шаардлагатай байна гэж би харж байгаа.
Эх сурвалж: Д.ОТГОНЖАРГАЛ
МОНГОЛЫН ҮНЭН СОНИН