Өнөөдөр буюу зургаадугаар сарын 17-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Үүр, Хэнтий нурууны зүүн хажуугаас усжих Хэрлэн, Их Хянганы нуруунаас эхтэй Халх голын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-35 см нэмэгдэж, Ховд, Хэрлэн, Халх, Онон, Улз гол үерийн түвшинг 5-40 см, Балж гол үерийн аюултай түвшинг 15 см даван тус тус үерлэж байна.
Маргааш буюу зургаадугаар сарын 18-нд Хэрлэн гол Чойбалсан сум орчимд усны түвшин 15-20 см нэмэгдэх төлөвтэй байна.
Ойрын өдрүүдэд төв болон зүүн аймгийн зарим нутгаар түр зуурын аадар бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх , хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж нутаглаж буй малчид, аялаж, амарч зугаалж яваа ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.
Эх сурвалж: Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн, Гадаргын усны судалгааны хэлтэс