Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төслийн талаар Байнгын хорооны дарга М.Оюунчимэг танилцуулав. Тогтоолоор хорт хавдраас урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээг эрчимжүүлэх ажлын хүрээнд тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгожээ.
Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчин, эмгэгийн улмаас гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчилгээ хийлгэх 0-18 насны хүүхдэд үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг 2023 оноос үе шаттай нэмэгдүүлэх, эмчилгээний зардлыг төрөөс хариуцах боломжийг судалж 2022 онд багтаан Байнгын хороонд танилцуулах, аймаг, сумын түвшинд хорт хавдрыг эрт илрүүлэх оношилгоо, шинжилгээнд шаардагдах тоног төхөөрөмжийн санхүүжилтийг 2023 оноос эхлэн жил бүрийн Улсын төсөвт тусган үе шаттайгаар шийдвэрлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг чиглэл болгосон байна. Түүнчлэн энэ тогтоолд заасан холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсөв, хөрөнгийг 2023 оноос эхлэн улсын төсөвт тусгаж, санхүүжүүлэхийг Сангийн сайдад даалгахаар тусгажээ. Байнгын хорооны гишүүд эмчлэх боломжгүй өвчин, эмгэгийн улмаас гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчилгээ хийлгэх санхүүгийн дэмжлэгт 0-18 насны хүүхдүүдээс гадна ахмад настнууд, бусад хүмүүсийг хамруулах боломжийн талаар хөндөн ярилцсан. Мөн урьдчилан сэргийлэх үзлэг, хорт хавдрыг эрт илрүүлэх оношилгоо, шинжилгээ хийх асуудлаар байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг дэмжин баталлаа.
Мөн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд эх, нярайд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн удирдамж батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн батлав.
Монгол Улсын Их Хурлаас баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” урт хугацааны бодлогын баримт бичигт 2030 он гэхэд эхийн эндэгдлийн түвшинг 100,000 амьд төрөлтөд 15, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшинг 1,000 амьд төрөлтөд 9, нялхсын эндэгдлийн түвшинг 1,000 амьд төрөлтөд 8 болгож бууруулах зорилтууд тавьсан.
Энэхүү удирдамжид эх, хүүхдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахад чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлэх эх, хүүхдэд ээлтэй гэр бүлийн орчныг дэмжих, эрүүл мэндээ хамгаалах асуудлаар иргэн, гэр бүлийн хүлээх үүрэг, хариуцлага, иргэн, байгууллагын үүрэг хариуцлага, бусад салбарын хамтын ажиллагааг сайжруулах зорилгыг тусгажээ.
Ажлын хэсэг эх хүүхдийн тусламж үйлчилгээ, түүний дотор нэн шаардлагатай тусламжийн хүртээмж хангалтгүй, урьдчилан сэргийлэх үзлэг, жирэмсний хяналтын чанар сул байгаа нь эх, хүүхэд өвчлөх, эндэх шалтгааны нэг болж байгаа ба төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрж байгаа асуудлыг цогцоор нь судлах, Эрүүл мэндийн тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд эх, нярайд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр ажиллах юм байна.
Удирдамжийн хүрээнд Нийслэлийн Өргөө амаржих газар, Амгалан амаржих газар, Хүрээ амаржих газар, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн төрөх тасаг, нярайн тасаг эхчүүдийн амрах өрөө болон эх баригч, сувилагчидтай уулзалт зохион байгуулах, “Интермэд”, “Гурван гал”, “Таны төлөө бид” эмнэлгийн төрөх тасгийн үйл ажиллагаатай танилцах Дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн болон Баян-Өлгий аймаг, Төв аймаг, Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэг, төрөх тасгийн үйл ажиллагаатай танилцах, тус тасгийн эх баригч, сувилагчидтай уулзалт хийхээр тусгасан байна. Түүнчлэн Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхимийн үйл ажиллагаатай танилцах, “Жирэмсэн эмэгтэйн сэтгэл зүйн онцлог, өөрчлөлтүүд, түүнд нөлөөлөх хүчин зүйлс” хэлэлцүүлэг зохион байгуулах арга хэмжээнүүд тусгагджээ. Дээрх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн П.Анужин ахалж ажиллах юм байна.
Дараа нь Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр баталсан “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 5.1.3, 5.1.4, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын 24 дүгээр тогтоолын хавсралтын 4.2.10 дахь заалтын хүрээнд эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн харилцааны бүх шатанд олон талт түншлэлийг оновчтой, үр дүнтэй нэвтрүүлж, гаргасан шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж оролцдог оновчтой тогтолцоог бүрдүүлсэн эсэхийг хянан шалгах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Ганбаатараар ахлуулан байгууллаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.