Биеийн тамир, спортын улсын хорооны даргын ажлаа хүлээлгэн өгсөн гавьяат тамирчин Ц.Шаравжамц шинэхэн ажилдаа оржээ. Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх болсон аж.
Энэ талаараа тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Монгол улсын Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх боллоо.Биеийн тамир спортын салбарынхаа ажлуудыг өргөжүүлэх, шуурхайлах тал дээр санал санаачлага гарган хичээж ажиллах болно. Баярлалаа” гэжээ.
Ц.Шаравжамц “Холын оронд мөрөөдлийнхөө төлөө олон жил зүтгэж байгаа хүүдээ цаг зав гаргах, дэмжих мөн дуртай мэргэжлээрээ гүнзгийрүүлэн суралцах зорилгоор хааны алба халаатай эзний аалба ээлжтэй гэгчээр ажлаа өгөхөөр боллоо” гэж байв.
Түүнийг БТСУХ-ны даргаар ажиллаж байх хугацаанд бэлтгэлийн төв статустай байсан байгууллага Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болж хоёр жилийн өмнөөс Ерөнхий сайдын дэргэдэх Засгийн газрын тохируулагч агентлаг болсон. Мөн шигшээ багийн баг тамирчид, дасгалжуулагчдын тоо хоёр дахин нэмэгдэж, спортын анагаах ухаан эрдэм шинжилгээний төвийг байгуулан, техник спортын төвийг улсын мэдэлд эргүүлэн авсан юм.
Мөн манай тамирчид Токиогийн олимп болон паралимпод түүхэнд байгаагүй олон эрх аван оролцож, алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн билээ. Сүүлд л гэхэд “Илүүдэл жингүй эртэч Монгол” аяныг орон даяар амжилттай зохион байгуулсан.
Тэгвэл БТСУХ-ны даргын суудалд Монголын оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан яригдаж байна.