Сахил хүртээд шал дордов гэгчээр Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг төр авсан биш барилгачин анги улам л хохирох нь. Ингэж хэлэхийн учир нь Хөгжлийн банкны өрөөр нь нам дарж байгаад тус үйлдвэрийг ТӨР мэдэлдээ авахад нь бултаараа их зүйл хүлээсэн. Ядаж л цементийн үнэ багасах нь гэж горьдсон. Гэтэл нидэр дээрээ харин ч цемент гээч зүйлийн барааг ч харж чадахгүй болж байх шиг байна.
Учир нь тус үйлдвэрт цомхотгол явдагдаж мэргэжил, мэдлэгтэй боловсон хүчнүүдээ халж, зармынх нь албан тушаалыг бууруулж байгаа нь өнөөдөр цементийн чанар, хүртээмжид шууд нөлөөлж эхэлсэн тухай шуугьж эхэллээ.
Уг нь Засгийн газрын тэргүүн “Барилгын салбарт дэмжлэг үзүүлж, арматур, цемент зэргээр хангана. Ингээд төрөөс дэмжлэг үзүүлээд ирэхээр хүссэн ч эс хүссэн ч барилгын гол материалын үнэ дагаад буух нь тодорхой…” гэж хэлж байв.
Гэтэл бодит байдал дээр барилгын материалын үнэ буух нь битгий хэл улам тэнгэрт хадаж, мэргэжлийн боловсон хүчнүүд нь ажилгүй болж бүр цаашлаад барилгын салбарт ажиллагсад хүртэл цалин мөнгөө авч чадахгүйд хүрчээ.
Мөн олон жил асуудал дагуулж, олны анхаарлын төвд байгаа Дарханы замын ажил ч зогсонги байдал хүрсэн талаар эх сурвалжууд ярьж байна.
Төр 3 сарын өмнө уг үйлдвэрийг мэдэлдээ авч гүйцэтгэх захирлыг нь томилж байсан бол энэ халаа сэлгээ үргэлжилсээр өнөөдөр цемент, шохойгоо хийх стандартаа мэдэхгүй болох аюул тулгарч болзошгүй нь гэхээс айдас хургачихлаа. Яагаад гэвэл мэргэжил мэдлэггүй хүмүүстэй чанар, гарцын тухай ярих нь утгагүй.
Товчхондоо бол мэргэжилгүй ажилтан стандарт, норм, норматив гэхээсээ төлөвлөгөөгөө урьтал болгож их цемент шохой үйлдвэрлэхийг зорих нь тодорхой. Тэгэхээр чанаргүй цементээр барилга орон сууц барих нь бөмбөг дэлбэлж, их буугаар буудаж байгаагаас ялгаа юун.
Сэтгүүлч С.Цээл
Эх сурвалж: Erennews.mn