Хэрчих мод буюу ганпанз нь хоолны хордлого үүсгэх бичил биетэнг дамжуулах эрсдэлтэй байдаг.
Ялангуяа гахай, тахиа, загас болон малын түүхий маханд агуулагдах бичил биетнүүд ганпанз дээр өсч үржин, хоол хүнсийг бохирдуулснаар төрөл бүрийн хоолны хордлого үүсэх нөхцөл бий болдог байна.
Иймд дараах зөвлөмжийг баримтлан хоолны хордлогоос сэргийлэхийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс зөвлөж байна.
1. Ганпанзыг зөв сонгох: Ганпанз нь нийлэг, хуванцар, шилэн, модон төрөл бүрийн материалтай байж болно. Гол нь эдэлгээ сайтай, зориулалтын, угааж цэвэрлэхэд тохиромжтой, бохирдол хуримтлагдах ан, цавгүй байх хэрэгтэй. Тиймээс олон жил эдэлж хэрэглэсэн ганпанзаа солих цаг нь болжээ гэсэн үг. (Хагарсан, цуурсан хэсэгт хуримтлагдсан нянгууд цэнхэртэж харагдаж байгааг дараах зургаас харж болно)
2. Тусгаарлах: Түүхий болон болсон хоол хүнсийг тус тусын ганпанз дээр бэлтгэх шаардлагатай. Учир нь түүхий мах хэрчиж, бэлтгэсэн ганпанз нь төрөл бүрийн мал амьтны маханд агуулагдах нянгаар бохирддог тул болсон, шууд идэх хүнсийг бохирдуулах эрсдэлтэй. Хоолны хордлого үүсгэх нэг том шалтгаан нь махны ганпанз дээр төрөл бүрийн зууш бэлтгэсэнээс болсон байдаг. Иймд болсон, түүхий хүнсэнд тус тусын ганпанз байх нь зүйтэй.
3. Сайтар угааж, цэвэрлэх: Ганпанзыг хэрэглэсний дараа аяга таваг угаагч шингэн ашиглан халуун бүлээн усаар сайтар сойздож, угааж, хатаана. Мөн 1 хувийн сод эсвэл гичийн уусмалаар угааж, халуун бүлээн усаар зайлна
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ