Бурхан багшийн Их дүйчин өдөр маргааш буюу зургаадугаар сарын 14-ний Мягмар гарагт тохионо.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар дээрх өдөр бүх нийтээрээ амрах юм. Мөн автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
Гандантэгчэнлин хийдийн Хамба лам Д.Чойжамц “Зургаадугаар сарын 14-нд Бурхан багшийн Их Дүйчин өдөр болно. Энэ өдөр нь бурхан багш эхийн хэвлийд оршсон, төгс гэгээрсэн, нирваан дүрийг үзүүлсэн гурван өдөр давхацдаг. Уг өдөр буян үйлдэж, нүглийг тэвчдэг. Иргэд сүм хийддээ ирж биеийн буян ариусал, энэрч хайрласан сэтгэлээр бие биетэйгээ харьцдаг уламжлалтай” хэмээн уг өдрийн утга учрыг тайлбарласан байдаг.
Түүнчлэн энэ жил Бурхан багшийн чандар зургаадугаар сарын 14-нөөс хойш 11 хоногийн турш Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд залагдах тул хүссэн хүн бүр ирж мөргөх боломжтойг сонордуулсан билээ.