Айраг гэдэг. Ай, мөн ч сайхаан. Шунхан үүрийн улаан туяа бүгээ татуулан тунарахад бүхий л амьтдын дотроос хамгийн түрүүнд шувууд сэрж жиргэж эхэлдэгсэн. Үүр дөнгөж тэмдэгрэн шувууд жиргэж эхлэх үест босч адуундаа мордоно. Адуунд явахаасаа өмнө том ширэн хөхүүртэй айрагнаасаа хэд сайхан бүлж байгаад үндсэн хуланд ховоодон хийж босоогоороо залгилчахаад, зуны өглөөний цэнгэг тунгалаг агаарыг цээж дүүрэн өвөртлөөд дөрөөн дээрээ өндийн давхиж явахын жаргалыг үгээр зурахад ч багадана биз ээ.

Сайхан айрагтай байхын тулд сайхан хөхүүртэй байх хэрэгтэй. Манай нутгийнхан үхрийн шир, тэмээний ширээр л голцуу хөхүүр хийнэ. Зарим айл хөхүүрийнхээ хараа, цахыг бүүр сийлбэртэй хийнэ. Сийлбэртэй цаханд бэхэлж уясан хөхүүрээ цагааны шар усаар гадна талыг нь арчина. Ингэж арчсан хөхүүр хув шаргал өнгөтэй хачин сайхан харагддаг билээ. Зэлний адуугаа хурааж унагаа уячихаад гэртээ орж ирэнгүүт шууд л хөхүүртэй айрагнаасаа хул дүүрэн мэлтэлзүүлж байгаад залгилна. Цээж сэрүү татаад ямар сайхан гэж санана аа. Хөхүүрийнхээ гаднаас шуугин исэх нь сонсогдож байгаа айрагнаасаа гуулин бүстэй агар сөнд тасдаж хийгээд байтал нутгийн харцуулын түрүүч айраг уухаар давхилдан ирнэ. Агар сөнгийн амсар дээгүүр хөөс татуулан шаагих айрагнаасаа хул дүүргэн барихад үндсэн хулан дотроо үсчин шаагиж үзэгдэнэ. Уруул чимчигнүүлсэн айрагны мэлтэлзэх толиог толгойгоо сэжлэн үлээж, үсчин шаагихыг жаахан намдаагаад нүдээ дүрлэгнүүлэн залгилах залуусын нүүр хултай айрагны бидэрт толион дээр тусч үзэгдэхэд инээд хүрч өөрийн эрхгүй “За нэг шовх үзчих үү” гэнэ. Тэгээд л хуруудаж, дэмбээдэж эхэлнэ дээ. Сайхан айраг гэдэг бол уух тусам араанд уусч, хөлс дааварлуулан шингээд хэдэн ч хулыг уусан цадаж шогнойно гэж үгүйсэн.

Гүү барьж үрс хийх өдрөө айрагны хөрөнгөнд явна. Хамгийн сайхан айрагтай айлаас хөрөнгө зална. Зарим хүмүүс хөрөнгө залахдаа ёс төртэй зална гэж жигтэйхэн, бурхан шүтээнд нь зул хүж унгатгаж, хадаг яндар болоод сүр сүндэртэй зална. Айраг ер нь л хөрөнгөө дагана даа. Гэхдээ арчилгаа тордолгоо их шаадана аа. Оройн саамны дараа уух айргаа сөнд тасдаж авчихаад саамаа хөргөж байгаад хөхүүртээ хийж бүлнэ. Хэдий чинээ их бүлнэ төдий чинээ сайхан нуугисан цагаан айраг бий болно. Хүүхэд байхдаа амандаа чанга гэгч нь тоолж байгаад л айргаа бүлдэгсэн. Зургаан мянга, долоон мянга хүртэл бүлнэ. Цүл цүл хийтэл бүлэхээр өвөө тэндээс “Битгий шалиад бай, дөмөгхөн бүлэхгүй юу. Сайхан айраг ууя гэвэл сайн бүлэх хэрэгтэй. Шөнө дөлийн цагаар айраг бүлэх чимээгээр нь айлыг олж очлоо гэж “Нууц товчоо”-нд хүртэл байдаг биз дээ” гээд хүд хүд инээж суудагсан. Тэгээд л хичээж байгаад хамаг хүчээрээ ёстой л Хүрр… Хүрр хийтэл нь бүлнэ дээ. Бүлэх тоолонгоор хөөсрөн шаагиад л хөхүүртээ багтаж ядан байх шиг санагддаг байж билээ. Айраг зөв сайхан исээд эхлэхээрээ бас их хөөрцөг идээ дээ. Өглөөгүүр айргаа огцом хүчтэй бүлэх юм бол хөөсрөн сагаад хөхүүрийнхээ амаар багтаж ядан оргиж олгойдоно. Тиймээс зөөлхөн хэд бүлээд хөөсрөн шаагиад ирэхээр нь хуланд хийж юмуу эсвэл сөнд тасдаж авах хэрэгтэй л дээ. За даа, тийм айргийг уухад мөн ч сайхан даа. Жижиг, жижиг бүржин дуслууд нүүр рүү үсчин шаагиад уруул чимчигнэн цээж сэрүү татаад л бал бурмын амт гэгч дэргэд нь юу ч биш санагдана.

Манай нутгийн айраг цагаан хөөстэй, тос хөвсөн шаргалдуу өнгөтэй байдаг. Ийм ботигорсон шаргал айргийг таананы айраг гэнэ. Харин хангай газрын өвс ургамал шигүү, шүлт багатай байдаг болохоор тэгдэг юм уу яадаг юм айраг нь шингэн цагаан байдаг. Гэхдээ л сайхан л даа шингэц сайтай шингэхэн цагаан айраг нь говийн айргийг бодвол толгойд гарах нь бага байх шиг санагддаг юм. Манай говийн таананы айраг бол анх ууж байгаа хүний толгойд амархан гарна. Явуулын хүмүүс бууж айраг уугаад мордохдоо далбийсан улаан зээрд болтлоо халмагцаж, зарим нь “наг наг” инээж, зарим нь “тас тас” хөхөрсөн юмнууд л мордоцгоодогсон. Хоол их иддэг хүний талаар тэгтлээ их яриа хөөрөө болоод байдаггүй мөртлөө айраг сайхан уудаг хүний тухай бол ус хонхроороо нийлээд бахдаж бардах маягаар их ярьцгаадаг билээ. “За даа, манай Хондгой айргийг мөн ч сайхан ууна шүү дээ. Эртийд тарлан Гониогийн найран дээр цуйнаа Ёндонгийн навчитаар нэг суудал дээрээ дараалан тав тууж байдаг шүү” гэж ирээд л өөрсдөө тэгж ууцгаасан мэт цээжээ хэнхэлзүүлэн ярьцгаана. Зарим нь ч бага зэрэг хачир чимэг нэмэхээ аядахгүй. Тэр “цуйнаа Ёндонгийн навчит” гэдэг нь ёроолдоо навч цэцэгний зурагтай таван литр гарантай ордог хятад шаазан хул л даа. Тэгээд бодохоор манай нутагт нэг суудал дээрээ хорь, гучин литр айраг өлхөн уучихаад юу ч болоогүй юм шиг мордоод эрвийтэл давхидаг эрчүүд хэд хэд байсан л байна.

Намарших тусам айраг улам л сайхан болно. Таана шарлаж хазаар хүрэнтээд ирэхээр айрагны амт улам л салахын аргагүй сайхан болно. Уухад аманд уусан тагнайд чимчигнээд намрын айрагны сайхныг яана. Ийм сайхан, айраг дэмбээ намрын алтан шаргал өдрүүдэд манай нутаг хуа дэмбээ, хуруу наадам, найр цэнгэлийн дуундаа дуниартан хонгортож байдаг билээ. Намрын дунд сарын бэлгэдэлт сайн өдрөөр найр хурим их болно. Нутгийн маань найр хатуу чанга дэг жаягтай болохоор архи сархадыг хэмжээ дамжаанаас хэтрүүлэн хэрэглэхийг чандлан сахина. Хоймороор суусан урт цагаан сахалтай, ус нутгийн гүн хүндэтгэлт өвөгцүүл л хааяа нэг аяга тагш шимийн юм ганц нэг балгана уу гэхээс идэр залуус сархад уухгүй. Тэд мөнөөх л уруул чимчигнүүлж, хамар сэн татсан сайхан айргаа ууцгааж найр цэнгэлийг хөгжөөн дуулж хуурдацгаана. Сайхан дуулдаг зарим залуус “Би тэр байшин саванд дуулж барахгүй юм билээ. Нутгийнхаа найран дээр, монгол гэрийнхээ хойморт энэ айргаа уугаад дуулах юм бол харин хэдэн ч өдөр дуулж чадна” гэж ирээд хэнхэлзэж байх. Үнэний ортой байж мэдэх л юм. Тэр сайхан дуучид битгий хэл мань мэт хүртэл айраг гэдэг энэ эрхэм ундааг уух тусам хоолой тослогтоод дэмбээдэж суухад өөрийн эрхгүй хоолой хүнгэнээд байгаа нь өөрт мэдрэгдэх шиг болдог юм чинь.

Эсгий цагаан гэртэй тал нутгийн Монголчуудад л зориулж, бурхан тэнгэрээс хувь хүртээсэн гэлтэй энэ ариун ундааг айзам яруу үгийн хэмнэл тааруулан аяар дураар магтая гэхнээ нь ч үгийн баялаг минь үлбэгнэн дутна. Ай, сайхан ундаа айраг цэгээ мину. Мөн ч сайхан даа. Шунхан үүрийн улаан туяа бүгээ татуулан тунарахад бүхий л амьтдын дотроос хамгийн түрүүнд шувууд сэрж жиргэж эхэлдэгсэн. Үүр дөнгөж тэмдэгрэн шувууд жиргэж эхлэх үест босч адуундаа мордоно. Адуунд явахаасаа өмнө том ширэн хөхүүртэй айрагнаасаа хэд сайхан бүлж байгаад үндсэн хуланд ховоодон хийж босоогоороо залгилчахаад, намрын өглөөний цэнгэг тунгалаг агаарыг цээж дүүрэн өвөртлөөд дөрөөн дээрээ өндийн давхиж явахын жаргалыг үгээр зурахад ийм буюу.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн