Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Хүйтний хөндий-Арвайхээр чиглэлийн их засвар хийгдэж буй 57.56 км авто замд ажиллалаа.
Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр “Эйч Кэй Би Интернэйшнл Холдинг” ХХК-ийн гүйцэтгэж байгаа тус замын ажлын гүйцэтгэл 13 хувийн хоцрогдолтой байна.
Зам, тээврийн хөгжлийн сайд ажиллах үеэрээ
- Гүйцэтгэгч болон зөвлөх компани, төслийн нэгж ажлын уялдаа холбоогоо сайжруулах,
- Өмнөх жил 21,6 км авто замын өнгө хучилт хийснээс 6,8 орчим км газарт чанарын алдаатай байгаа хэсэгт гүйцэтгэгч байгууллага өөрсдийн зардлаар дахин 3 см-ийн хучилт хийх,
- Яам болон бусад холбогдох байгууллагууд хамтран Хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр үзлэг хийж зөвлөмж өгөх,
- Төлөвлөгөөнөөс 3,5 дахин бага техниктэй, 60 гаруй хүний нөөц дутуу байгааг яаралтай шийдвэрлэж ажиллах хүчээ нэмэгдүүлэх,
- Энэ оны 9 дүгээр сарын 15 гэхэд хучилтаа дуусгаж зорчих хэсгийг нээх зэрэг тодорхой асуудлуудаар чиглэл өгөв.
Гүйцэтгэгч компанийн зүгээс 9 дүгээр сарын 15 гэхэд зорчих хэсгээ нээхээр шуурхай ажиллана гэдгээ хэллээ.